“Өнөөдрийн гэхээсээ ирээдүйн инфляцийг тогтвортой байлгахын тулд шийдвэр гаргасан”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Инфляци өндөр байгаа үед Бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан шалтгааныг Монголбанкны Ерөнхий эдийн засагч  Д.Ган-Очироос тодруулахад, дараах тайлбарыг өгч байна.

Тэрбээр "Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргахдаа дотоод, гадаад олон хүчин зүйлийг харгалзан үзсэн. Үүн дотроо Төв банкны үндсэн чиг үүргийн хүрээнд инфляцид голлон анхаардаг. Гэхдээ өнөөдрийн инфляци гэхээсээ илүү ирээдүйн инфляцийг тогтвортой байлгахад Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэр зорьдог. Яагаад гэвэл мөнгөний бодлогын хүрээнд өнөөдөр авч байгаа арга хэмжээ тодорхой хугацааны хоцрогдолтойгоор эдийн засгийн идэвхжил, инфляцид нөлөөлдөг. Монголын хувьд багадаа  гурван улирлын дараагаас нөлөө нь эхлээд, 6 улирлын дараа хамгийн өндөр нөлөө илэрдэг гэх судалгаа бий. Өнөөдрийн хувьд инфляци 8.9 хувьд хүрээд байна. Үүний гурав орчим хувь нь зөвхөн махны үнийн өсөлтөөс үүдэлтэй. Мөн нэг орчим хувь нь хатуу түлш, шатахууны үнийн өсөлтөөс бий болсон. Өөрөөр хэлбэл, 4 нэгж хувь буюу 8.9 хувийн инфляцийн бараг тал нэгж хувь нь нийлүүлэлтийн шинж чанартай, түр зуурын инфляци байгаа юм. Бидний тооцоогоор инфляци  аравдугаар сараас эргэж буураад, оны төгсгөл рүү зорилтот түвшин болох найман хувь руу буурна. Түүнээс цааш инфляци 7-8 орчим хувьд хадгалагдана гэсэн тооцоотой байна. Нөгөө талаас гадаад орчны хүчин зүйлсийг харахад тодорхой бус байдлууд өндөр, тэр тусмаа төлбөрийн тэнцэл рүү орж ирэх сөрөг шокууд хүлээгдэж байна. Энэ нь валютын ханш сулрах дарамтыг нэмэгдүүлнэ. Энэ бүхнийг харгалзан үзэхэд бодлогын хүүг бууруулах орон зай байхгүй. Нэг ёсондоо мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах нь эдийн засгийн өсөлтийг долоон хувиас бууруулахгүйгээр инфляцийг зорилтот түвшин болох найм орчим хувьд хадгалахаар байгаа тул тус шийдвэрийг гаргасан” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top