Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа  нэг байр ухарчээ  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс   “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-г эрхлэн гаргалаа. Тайланд 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлсон байна. Тус үзүүлэлтүүдийг дижитал ертөнцийн өрсөлдөх чадварт суурилсан гурван үндсэн шалгуур болох мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдлаар нь харьцуулан эрэмбэлжээ. Энэ жилийн статистик шалгуурт робот техниктэй холбоотой “Үйлдвэрийн зориулалттай роботуудын тоо”, “Боловсрол ба судалгааны чиглэлийн робот” гэсэн хоёр шинэ үзүүлэлт нэмэгдсэнээрээ онцлогтой байна. Тус тайлангаас засгийн газар, бизнес, нийгмийн орчинд аль улс дижитал технологийн нээлт хийн хөгжүүлж, шинэчилж буй цаашлаад технологид хэрхэн дасан зохицож байгааг харах боломжтой юм.

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос өмнөх онтой харьцуулахад нэг байр ухарч Венесуэл улсын өмнө 62-рт байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс өссөн байна. Дижитал өрсөлдөх чадварын үндсэн гурван бүлгээс ирээдүйд бэлэн байгаа байдал хамгийн дээгүүр (61-рт орсон)  эрэмбэтэй байгаа боловч үндсэн гурван бүлэг гурвуулаа  эрэмбийн хувьд бууралттай байна.

Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэд “Дасан зохицох чадвар” дэд бүлэг хамгийн дээгүүр буюу цахим оролцоо үзүүлэлт нь бусад оронтой харьцуулахад өссөн бол хууль эрх зүйн орчин, бизнесийн овсгоо, мэдээлэл технологийн байгууллагуудын төвлөрөл зэрэг дэд бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өргөн долгионы сүлжээний тархалт, дэвшилтэт технологийн экспорт, ухаалаг утас хэрэглэгчид зэрэг үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан ба техник технологийн салбар дахь хөрөнгө оруулалт гэсэн үзүүлэлт өмнөх оны адилаар 3-рт эрэмбэлэгдсэн хэвээр байна.  Харин дижитал өрсөлдөх чадварын оноо буурахад боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд, боловсролын нийт зардал, эмэгтэй судлаачид, судалгаа шинжилгээний ажлын бүтээмж, шинээр бизнес эхлүүлэх зэрэг үзүүлэлтүүд эрс муудсан болон мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтэд сүүл мушгиж байгаа зэрэг нөлөөлснийг ЭЗБӨЧСТ-ийн мэдээлэлд дурджээ.

Тайлангийн үр дүнгээс харахад 2018 онд дижитал өрсөлдөх чадварын индексээр тэргүүлсэн топ таван  улс (АНУ, Сингапур, Швед, Дани, Швейцарь)-ийн эрэмбэд өөрчлөлт ороогүй бөгөөд дэлхийн дижитал өрсөлдөх чадварын чансааны эхний байранд АНУ тэргүүлсэн хэвээрээ байна. Харин топ 10-т өөрчлөлтүүд гарчээ. Нидерланд улс өмнөх онтой харьцуулахад гурван байраар урагшлан амжилтаа ахиулсан бол Норвеги  гурван байраар ухарч 9-рт, Канад 8-р байрнаас 11-рт эрэмбэлэгдсэн байна. 2018 онтой харьцуулахад Азийн орнуудын дижитал өрсөлдөх чадварын эрэмбэ өсчээ. Тодруулбал, Хонконг, Өмнөд Солонгос улс нь топ 10-т багтсан бол Тайвань, Хятад тус тус 13, 22-т жагссан байна. Эдгээр орнууд технологийн дэд бүтэц болон бизнесийн хөгжилд эерэг үр дүн үзүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top