
Ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 1.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоод байна. Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийн 2020 оны олборлолтын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт үндэслэн ийм тооцоолол хийжээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 38.1 хувь буюу 493.4 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалаас, 45.9 хувь буюу 593.6 тэрбум төгрөгийг нүүрснээс, 9.8 хувь буюу 126.2 тэрбум төгрөгийг алтнаас төвлөрөх орлого эзэлж байна.
Ирэх онд нүүрсний экспорт 42 сая тонн, зэсийн баяжмалын экспорт 1.2 сая тонн, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 19 тонн байхаар, эрдэс бүтээгдэхүүний үнийн хувьд нүүрсний жигнэсэн дундаж үнэ тонн тутамд 74.7 ам.доллар, зэсийн үнэ тонн тутамд 5,991 ам.доллар, алтны үнэ унц тутам 1,545 ам.доллар байхаар төсөөллөө.
