Монголын уул уурхайн салбар дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтойг онцлов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Монгол Улсад 1990-2018 оны хооронд 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн тооцоо бий. Тэгвэл үүний 17.5 тэрбум ам.доллар буюу 73 хувь нь уул уурхайн салбарт ногдож буйг өнгөрсөн баасан гарагт болсон “Дисковер Монголиа”  чуулга уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс тодотгож байлаа. Өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд биднийг чиглэн ирсэн мөнгөний урсгал хүссэн хүсээгүй уул уурхайг л тоосныг энэ тоо илтгэхийн сацуу ганц салбараас хэт хамаарсан бидний байр байдал хийгээд мөнгө дагуулах бусад салбаруудаа хөгжүүлж чадаагүй хөшүүн хойрго хэвээр өнөөдрийг хүрснийг анхааруулж байгаа юм. Уул уурхайгаас манай эдийн засаг хэт хамаарахын хэрээр дагаж үүсдэг олон асуудал бий. Байгаль орчин дахь сөрөг нөлөөлөл, баялгаас орон нутагт, иргэдэд үлдэх өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд төрийн зүгээс зайлшгүй зөв бодлого шаардаж байгаа. Манай улс эдийн засгийн бүтэцдээ ахисан түвшний алхмууд хийхээс нааш бид уул уурхайн салбараас хүссэн хүсээгүй хамааралтай хэвээр байхыг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай “Оюу толгой”-н гэрээг үзэглэхээс долоон жилийн өмнө буюу 2002 онд анх үүдээ нээж байсан  “Дисковер Монголиа”  чуулга уулзалт 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг геологи, уул уурхайн салбарын талаар бодит мэдээллийг хүргэдэг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай яриа, хэлэлцээг өрнүүлэх боломж олгодог төр-хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм болсон гэсэн дүгнэлтийг салбарын яамнаас хийж байна лээ. Сануулахад, өнгөрсөн жилийн “Дисковер Монголиа”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцохдоо Таван толгой ордыг бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжуудын талаар онцолж байсан билээ. Тэрбээр  “Эрдэнэс Таван толгойн сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар тогтлоо. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ хүрээнд Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн засаглал, бүтэц, стандартуудыг өөрчлөх, сайжруулах, олон улсын мэргэшсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авах ажлууд хийгдэж байна. Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Таван толгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглах болно. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэх болно. Бидний өмнө бизнесийн асар их боломжууд байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эрдэнэс Таван толгойн IPO-ийн үр дүнд босгосон хөрөнгөөр нийт тав орчим тэрбум долларын арав гаруй төслийн санхүүжилтыг шийдэж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж, хөрөнгийн зах зээл идэвхижиж, ажлын байр нэмэгдэж, татвар төлөлт ихээхэн нэмэгдэх болно” гэж байсан.

Тэгвэл  энэ жилийн “Дисковер Монголиа -2019” чуулганд УУХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдвээр мэдээлэл өгөхдөө мөн энэ асуудлыг хөндөв. Тэрбээр  “УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгоод байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хөрөнгийн биржид бүртгүүлэх “Эрдэнэс-Таван толгой Майнинг” компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. IPO хийж төвлөрүүлсэн хөрөнгийг авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам. долларын төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах замаар нэгдүгээрт, Монголоос экспортолж буй нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байна” гэв. Мөн “Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж, уул уурхайн төслүүд хөрөнгийн биржид гарч эхэллээ. 2018 онд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн.

Цаашид энэхүү үйл явц улам эрчимжиж шинээр компаниуд  давхар бүртгүүлэх сонирхлоо илэрхийлж байна. Монгол Улсын уул уурхайн салбар нь дэлхийд өрсөлдөх бүрэн бололцоотой, геологийн нөөц, боломж ихтэйгээс гадна хөрөнгө оруулалттай холбоотой хууль, эрх зүйн таатай орчин бүрдсэн гэж  үздэг. Манай улс 2018 оны байдлаар 43 улстай Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээрийг байгуулсан бол 26 улстай Давхар татварын гэрээ байгуулаад байна. Эцэст нь хөрөнгө оруулагч, баялаг бүтээгч та бүхэн бидэнтэй хамтран ажиллаж Монголын эрдэс баялгийн нөөц, бололцоог бүрэн ашиглаж хамтдаа хөгжихийг миний бие энэхүү индэр дээрээс уриалж байна” гэсэн юм.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес мөн уг арга хэмжээнд  “Оюу толгой-Хөгжлийн түнш” сэдэвт илтгэл тавихдаа Монгол Улсын хөгжлийг дараагийн шатанд аваачихад тус компанийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн жилийн чуулга уулзалтад оролцохдоо “Цаашдаа бид Монголд үйлдвэрлэв  гэсэн стратегийн бодлого баримтална. Сайн боловсон хүчнүүдийг сургана. Үр дүн харагдаж эхэлсэн” хэмээж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшлох тухай сэдэв засаг хийгээд хөрөнгө оруулагч талын аль альны хувьд анхаарал татсан асуудал болоод байгааг тодотгоё.

“Дисковер Монголиа -2019” чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулсан юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхайн салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тус компани хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулсан юм. Монгол Улс дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Эрдэнэс Стийл” ХХК Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг эхлүүлээд байна. Уг төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан. Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж байгаа гэлээ. Эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж байгуулж, үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортолно. Энэхүү төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл, Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл, Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг боловсруулан хөрөнгө оруулагчдад танилцуулж байна хэмээн мэдээлэл өгсөн юм.

Мөн “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн  Стратеги, Хөгжлийн газар хариуцсан Дэд захирал Т.Цогтбаяр компанийн үйл ажиллагааны тухай болон бүтээн байгуулалтын төслүүдийн талаар чуулга уулзалтын үеэр танилцуулсан. БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцсон тус арга хэмжээнд оролцсон бөгөөд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн бүтээн байгуулалтын төслүүдийг сонирхож буйгаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.172) 2024 оны 06 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(129.205.113.172) 2024 оны 06 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top