Монголбанкнаас Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах асуудлыг тавиад, хэлэлцээ эхлээд явж байгааг Төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир мэдэгдэж байсан. Тэгвэл есдүгээр сарын 26-ны өдөр Хятад-Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагааны найм дахь удаагийн дугуй ширээний уулзалтыг Шанхай хотноо зохион байгуулагдах үеэр хоёр улсын банк, санхүүгийн байгууллага хооронд үүсэж буй хүндрэл, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна.
Хоёр улсын төв банк хоорондын мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хүрээнд авч ашигласан свопын эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудал ирэх оны наймдугаар сард шийдэгдэх ёстой юм.
Монголбанкнаас өгч буй мэдээллээр свопын эргэн төлөлтийг сунгах хэлэлцээр амжилттай үргэлжилж, хугацааг сунгах боломжтой гэж үзэж байгаа гэсэн байсан. Тэгвэл Шанхайд болсон уулзалтад Монголбанк, Хятадын Ардын банк болон хоёр улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцож, хоёр улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, худалдаа, банк, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн явц болон “Бүс ба зам” санаачилга зэрэг сэдвийн хүрээнд санал солилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )