Манай түүхий эдийг авдаг нэг л зах зээл бий нь бидний эрсдэл буюу сул тал
Төсөв тэр дундаа сонгуулийн жилийн төсвийг эрх баригчдын хэтрүүлсэн нөлөөлөлгүй, харьцангуй эрүүлээр батлах боломжгүй циклийн дагуу үйл явц өрнөж өнөөдрийг хүрснийг эхлээд сануулъя. Асуудлыг сууриар нь харвал төрийн эдийн засгийн эрх мэдэлд тавих хяналтын механизмын дутуу гучуу байдал гэхчлэн ярих зүйлс бишгүй л дээ. Жишгийн дагуу сонгуулийн жилийн буюу 2020 оны улсын төсвийн зарлагыг 14 их наяд төгрөгт шүргүүлж тооцохын тулд орлогын төсөөллөө огцом нэмэгдүүлэх шаардлага Сангийн яаманд үүссэн зовлонг нэг талаас ойлгох хэрэгтэй болж байгаа. 2020 оны нэгдсэн төсвийн орлогыг энэ оныхоос 2.1 их наядаар нэмэгдүүлэн 11.8 их наяд төгрөг байхаар тооцож, алдагдлыг нь хоёр их наядаар хэтрүүлж зурагласан хэрнээ төсвийн сахилга батыг чандлан сахина гэж хэлж яриад байгааг нь харахаар бас тиймэрхүү. Эдийн засгийн өсөлтийг 2020-2022 онд зургаан хувиас буулгахгүйгээр тогтвортой барих төсөөлөл эрх баригчдад байгаа юм.
Харин өсөлтийг энэ хувь хэмжээнээс уруудуулахгүйн тулд засгаас авч хэрэгжүүлэх ёстой нэн тэргүүний алхам нь төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой гэдгээ өөрсдөө ойлгоод байгаа. Тэгж чадах юм бол макро эдийн засгийн орчны тогтвортой байдлыг хангаж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, мөнгөний урсгалыг наашлуулна гэж буй. Төсөөлөл ийм ч бодит байдлыг харахаар ярьсныхаа эсрэг хийдэг манайхны танил дүр зураг л ноёлж байна. Улс төрчид, хууль батлагчид өөрсдийн эрх мэдлийн давуу талаа хувь, бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн ашиглах бодит эрсдэл төсөвт заналхийлэхийн сацуу гадаад эрсдэлүүд Монгол Улсын нэгдсэн төсвийн хажуу дэргэд байнга байдгийг сануулахад илүүдэхгүй биз.
Өнөөдрийн байдлаар төсөөлж буй 11.8 их наяд төгрөгийн орлогын 1.3 их наядыг нь ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бол 1.5 их наядыг 42 сая тонн нүүрс экспортолж олохоор төсөөлж байгаа. Харин 1.2 их наяд төгрөгийг 1.2 сая тонн зэсийн баяжмал борлуулж олохоор тооцсон. Эрдэс бүтээгдэхүүний үнийн хувьд нүүрсний дундаж үнийг тонн тутамд 74.7 ам.доллар, зэсийн үнийг тонн тутамд 5,991 ам.доллар, унц алтны үнийг 1,545 ам.доллар байхаар төсөөлөөд байна. Ингэж тооцоолох болсон үндэслэл мэдээж чухал. Тэгвэл Сангийн яамны тайлбараар олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн 2020 оны олборлолтын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт тулгуурлан тооцжээ.
Тооцоолол ийм ч гадаад нөхцөл байдал биднээс нэг хувь ч хамаарахгүй. Манай түүхий эдийг авдаг нэг л зах зээл бий нь бидний эрсдэл буюу сул тал. БНХАУ-ын хувьд бол бид олон нийлүүлэгчийнх нь л нэг. Тэд биднээс нүүрс, түүхий эд авахгүй тохиолдолд манай төсвийн орлого тасрах эрсдэлтэй. Тэгэхээр бидний хувьд ашигт малтмалаа гуравдагч зах зээлд хэрхэн хүргэх талаар толгойгоо гашилгахын сацуу үндсэн зах зээл дэх нийлүүлэлтээ хэрхэн яаж бууруулахгүйгээр тогтвортой барих вэ гэдэг том асуудал бий л дээ. Энэ жилийн төсвийн тухайд 3.2 их наяд төгрөгийн орлогыг уул уурхайн салбараас төвлөрүүлэхээр байгаа бол 2020 онд мэдээж энэ хэмжээ нэмэгдэх тооцоотой. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш чухал нөлөөтэй. Тиймээс түүхий эдийн зах зээлийн төлөвөөс нүүрс, зэсийн экспортын нөхцөл байдлыг авч үзье.
АВСТРАЛИЙН НҮҮРСНИЙ ҮНЭ УРУУДАХ НЬ МАНАЙ ҮНЭД Ч НӨЛӨӨЛНӨ
Энэ оны нүүрсний экспорт 2-3 сая тонноор тасалдах магадлалтайг Сангийн яамнаас мэдээлсэн. Гэсэн ч ирэх оны төсөөллөө 42 сая тонноор буюу өөдрөгөөр тооцоод байгаа. Бидний экспортолж буй нүүрсний дундаж үнэ оны эхний найман сарын байдлаар 85.7 ам.доллар буюу өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгвэл ирэх онд БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурах таамаглалыг Австралийн Аж үйлдвэр, инновац, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанд дурдаад байна. Энэ нь БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт буурах магадлал нэмэгдэж буйг илтгэж байна. Үүний улмаас Монголын нүүрсний экспорт хийгээд үнэд нөлөөлж мэдэхээр байгаа юм. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт хийгээд, худалдааны маргааны улмаас Австралийн коксжих нүүрсний үнэ 150 ам.доллар руу орж буурахаар байгаа нь Монголын нүүрсний үнийн өсөлтөд сөрөг нөлөөлөл дагуулж магадгүй байна. Манай өрсөлдөгчийн түүхий эдийн үнэ уруудах нь бидний хувьд үнэ нэмэх боломжийг бууруулна гэсэн үг л дээ.
УЛААН МЕТАЛЛЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ӨНГИЙХӨД...
Зэсийн баяжмалын экспортоос 1.2 их наяд төгрөг олох тооцоолол бийг дурдсан билээ. Тэгвэл дэлхийн зах зээл дээр улаан металлын үнийн хэлбэлзэл өндөр байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Энэ оны гуравдугаар сард тонн зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 6,450.3 ам.доллар байсан бол тавдугаар сард 6,027.7 ам.доллар, есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 5,745 ам.доллар руу уруудаж буурсан байгаа юм. Зэсийн ханш ингэж уруудахад нөгөөх нь худалдааны дайн болон ам.доллартой харьцах юанийн ханшийн сулралт, БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индексийн бууралт зэрэг нь жин дарах нөлөөллийг үзүүлж буйг шинжээчид хэлж байна. Тэгэхээр зэс болоод нүүрсний зах зээлийн төлөвийг харахад 2020 оны Монгол Улсын төсвийн орлого бүрэн дүүрэн биелэхэд болзошгүй эрсдэл байгааг хаа хаанаа анхаарах ёстой юм.
Сэтгэгдэл ( 0 )