Лондон ЕХ-нд хөнгөлөлтэй гаалийн дэглэмийг санал болголоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Их Британи Ирландын хил дээр хил, гаалийн хяналтыг тогтоохоос татгалзаж, Брексит буюу Европын холбооноос тусгаарласны дараа Европын Холбоотой харилцах харилцаагаа чөлөөт худалдааны хэлэлцээрээр зохицуулахыг төлөвлөж байна. Энэ саналыг Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ЕХ-ын тэргүүн Жан Клод Юнкерт хандаж танилцуулжээ.

Хил дээр онцгой дэглэм тогтоох талаар Британийн дэвшүүлж байсан өмнөх санал Британийн одоогийн засгийн газрын ашиг сонирхолтой нийцэхгүй байна. ЕХ-той харилцах харилцаагаа чөлөөт худалдааны тухай хэлэлцээрээр зохицуулахыг эрмэлзэж байгаа бөгөөд ингэснээр Их Британид өөрийн худалдааны бодлого, зохицуулалтын хэм хэмжээг хянах боломж олгох болно. Бид асуудлыг шийдэх шинэ арга замыг олох ёстой гэж Борис Жонсоны Юнкерт хаягласан захидалд дурджээ.

Британийн Ерөнхий сайд 2020 он гэхэд чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулахыг ЕХ-нд санал болгожээ. Энэхүү баримт бичигт хоёр талын хамтын ажиллагааны бүхий л механизмыг тодорхойлж, хамгийн гол нь бараа бүтээгдэхүүнийг Ирландын хилээр нэвтрүүлэх дээр тавих хяналтыг хурдан зохион байгуулах арга замыг тусгах аж.

Санал ёсоор Хойд Ирланд Нэгдсэн Вант Улсын нэгэн хэсэг болохын хувьд Брекситийн дараа ЕХ-ноос гарах хэдий ч ирэх дөрвөн жилд нэгдсэн зах зээлийг зохицуулж буй хэм хэмжээг дагаж мөрдөх гэнэ. Энэ хугацаанд хуурай замын хилээр гарч буй ачаа, барааг шалгахгүй, тээвэрлэлтэд хяналт тавихгүй. Хугацаа дууссаны дараа Хойд Ирланд Британийн гаалийн бүсэд бүрэн орох юм.

Ингэхдээ Жонсон Британи, Ирландын хооронд тээвэрлэж буй бараанд гаалийн хатуу хяналт тавихгүй гэж амлаж байна. Британийн засгийн газар ачаа барааг хилээр нэвтрүүлэхэд бүрэн мэдүүлэг хийлгүйгээр урьдчилан мэдүүлэх хялбарчилсан процедурыг хэрэгжүүлэхийг санал болгож байна. Мөн жижиг бизнест онцгой нөхцөл бий болгох санал дэвшүүлжээ.

Гаалийн дэглэмийн талаар асуудал Британийн парламентын ЕХ-той хийх хэлэлцээрийг батлахаас татгалзаж буй гол шалтгаан юм. Борис Жонсон түүний шинэ саналыг ЕХ хүлээн авна гэж найдаж байна. Ингэснээр Британийн парламент ЕХ-той хийх хэлэлцээрийг батлах замыг нээнэ гэж үзэж байна.

Их Британи Европын Холбооноос энэ сарын 31-ний өдөр гарах ёстой. Их Британийн парламентаас баталсан хуульд зааснаар, хэлэлцээрийг энэ сарын 19-нөөс өмнө зөвшилцөж чадахгүй бол ерөнхий сайд Брекситийн хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргах ёстой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top