“Хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн мөнгөн урсгал биш”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

90 оноос хойш манай улсад хийгдсэн хөрөнгө оруулалтын дал гаруй хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа. Ер нь уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор 2000-2011 онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ ихээхэн нэмэгдсэнийг статистик ил харуулна. Гэхдээ дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсантай холбоотойгоор, мөн хөрөнгө оруулагчдын хандлага таагүй болсны улмаас ГШХО 2012 оноос хойш огцом буурсныг Дэлхийн банкны илтгэлд дурдсан байгаа юм. 2008 оноос хойш нийт ГШХО-ын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн ба  ГШХО-ын харьцаа урьд өмнө хүрч байгаагүй дээд үзүүлэлт буюу 110 хувьд хүрсэн нь жишиг орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм байна.

Хөрөнгө оруулалтын бодлого нь гадаадын эсвэл дотоодын хөрөнгө оруулалтын аль нэгийг сонгох сонголтын асуудал биш гэж судлаачид хэлж байгаа юм. Хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр бүр адилгүй. ГШХО нь төрлөөсөө хамаарч тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөр өөр үр нөлөө үзүүлдэг тул тэдгээрт чиглэсэн тусгайлсан бодлогыг шаарддаг. Улс орнууд хөгжлийн бодлоготойгоо ГШХО-ын төрлүүдийг уялдуулах нь зүйтэй байдаг бөгөөд салбар бүрийн өрсөлдөх хөшүүрэг өөр өөр гэдгийг сануулъя.

ГШХО нь дан ганц мөнгөн урсгал биш. Энэ бол харилцаа холбоо. Хөрөнгө оруулалтын бодлого нь хөрөнгө оруулалтыг зөвхөн татахад бус түүнчлэн нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтыг хадгалах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудтай уях улмаар ГШХО –аас орж ирэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх ёстойг мөн судлаачид хэлж байна.

Орж ирж буй хөрөнгө оруулалтын төрлөөс хамаарч, эдийн засагт үзүүлэх үр нөлөө харилцан адилгүй байх ба тэдгээрт чиглэсэн тусгайлсан бодлоготой байхыг шаарддаг.

Дэлхийн банкны  судалгаанд, Монгол Улсын төрөлжилт болон эдийн засгийн цогц байдлын түвшин бусад жишиг улсуудтай харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлттэй байна гэж үзсэн байна. Мөн өндөр түвшний боловсруулах үйлдвэрлэл гэхээс илүүтэй байгалийн баялаг давамгайлсан, цогц байдлын түвшин доогуур цөөн тооны салбарт суурилж буйг онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top