Өнөөдөр /2019.10.07/ Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласнаар эхэлж байна.
Мягмар гарагт физик, лхагва гарагт хими, пүрэв гарагт уран зохиол, баасан гарагт энх тайвны Нобелийн шагналтан тодрох юм. 1968 онд Шведийн төрийн банкны бий болгосон Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналтан энэ сарын 14-ний өдөр тодорно.
Алфред Нобель (1833-1896) өөрийн гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналын эздийг 1810 онд үүсэн байгуулагдсан Стокхолм дахь Каролины дээд сургуульд тодруулахыг үүрэг болгосон байдаг. Үүний дэргэд байгуулагдсан Нобелийн хороо байнгын таван гишүүнтэй бөгөөд тэдгээр нь зөвлөлдөх үүднээс шинжээчдийг урих эрхтэй байдаг аж. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дууссан.
Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь 2018 болон 2019 оны уран зохиолын салбарын хоёр шагналтны нэр тодорно. Нобелийн шагналыг хүртээдэг Шведийн академи өнгөрсөн оны тавдугаар сард уран зохиолын салбарын Нобелийн шагналтныг тодруулахыг хойшлуулах шийдвэр гаргасан. Шалтгаан нь нэр дэвшигчдийн тоо цөөрсөн болон тус академийн гишүүн яруу найрагч Катарин Фростенсоны нөхөр, урлагийн нэрт зүтгэлтэн Жан-Клод Арног олон тооны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж, шуугиан дэгдсэний улмаас энэ шагналын нэр хүнд буурсантай холбоотой.
Нобелийн хороод эцсийн мөч хүртэл нэр дэвшигчдийн талаар мэдээлэл өгдөггүй. 2002 оноос хойш “Clarivate Analytics” компани эрдэмтдийн рейтинг дээр үндэслэн шагнал хүртэх магадлал өндөр нэр дэвшигчдийг таамагладаг. Тус компанийн анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийн жагсаалтад хорт хавдар үүсэхэд оролцдог эсийн дотоод дохионы замыг судалсан ген судлаач Ханс Клеверс, ауто иммун өвчний явцыг сааруулдаг Т-эсийн механизмыг тайлбарласан Филипп Маррак болон Жон Капплер нар оржээ. Паркинсоны өвчин, хамаарал болон сэтгэцийн эмгэгийг судлахад дөхөм болох гэрлийн тусламжтайгаар нейроны идэвхжилийг хянах аргыг боловсруулсан Эрнст Бамберг, Геро Мизенбек, Карл Дессейрот нарын нэр мөн яригдаж байна.
2018 онд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хорт хавдрын эмчилгээнд нээлт хийсэн Жеймс Эллисон /АНУ/, Тасуку Хонжэ /Япон/ нар хүртсэн билээ. Тэд дархлааны системийн механизмын үйлдлийг сааруулах замаар хорт хавдрыг эмчлэх аргачлалыг боловсруулсан юм.
1901 оноос хойших хугацаанд анагаах ухааны Нобелийн шагналыг 109 удаа гардуулжээ. Нийт 216 хүн энэ шагналыг хүртсэн бөгөөд дундаж нас нь 58. Хамгийн залуу шагналтнаар инсулинийг нээсэн Фредерик Бантинг 1923 онд 32 насандаа тодорсон бол хамгийн ахмад шагналтан Пейтен Роус хорт хавдрын генийн нянг нээж, 87 насандаа 1966 онд хүртэж байжээ.
Шагнал гардуулах ёслол Стокхолмын филармонийн байранд арванхоёрдугаар сарын 10-нд буюу Нобелийн нас барсан өдөр болно. Шведийн хаан Карл XVI Густав Нобелийн хөрөг бүхий алтан медаль, дипломын хамт шагналын эздэд өөрийн биеэр гардуулдаг. Энэ жил Нобелийн шагналыг есөн сая швед крон буюу одоогийн ханшаар 914.5 мянган ам.доллар дагалдах аж. 2011 онд мөнгөн шагналын хэмжээ 11 сая кронд хүрч байсан бол 2012 онд эдийн засгийн таагүй нөхцөл байдлын улмаас найман сая крон болтлоо буурч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )