Эрдсийн экспортын онцлох тоонууд

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Монгол Улс оны эхний есөн сард дэлхийн 146 улстай худалдаа хийснээс 72 улсад бараагаа экспортолж, 145 улсаас бараа импортолсон байна. Гадаад  худалдааны нийт бараа эргэлт  өнгөрсөн оны мөн үеэс 911 сая ам.доллароор өсөж, экспорт импортоос давамгайлж буйг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Манай улсын төсвийн орлого эрдэс баялгийн экспортоос тухайлан хамаардаг. Түүнчлэн ирэх 2020 онд зэсийн баяжмалын экспортоос гэхэд 1.2 их наяд төгрөг олох тооцооллыг төсвийн төсөлд суулгаад байгаа. Мөн 42 сая тонн нүүрс экспортлох төсөөлөл бий.  Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар манай эрдэс баялгийн экспорт ямар дүр зурагтай байсныг тодруулж харъя.


Оны эхний есөн сард 2434.8 сая ам.долларын 28.6 сая тонн чулуун нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 312.5 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 1.6 сая тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 85 ам.доллар болж өсжээ. Чулуун нүүрсний 98.2 хувийг  БНХАУ руу гаргажээ.

            *   *   *

 1066.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.7 мянган тонноор бага байна.  2018 оны эхний найман сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1487.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 1421.0 сая ам.доллар болжээ.

*   *   *

Төмрийн хүдрийн экспорт  6134.3 мянган тонн буюу 422.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 819.6 мянган тонноор, үнийн дүн нь 181.9 сая ам.доллароор тус тус өсжээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.8 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.6 ам.доллароор өссөн байна.

*   *   *

Боловсруулаагүй нефтийн экспорт 4842.0 мянган баррель буюу 271.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 30.2 мянган баррелиар их болов ч үнийн дүнгээр 44.4 сая ам.доллароор бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.1 ам.доллар болж буурчээ.

*   *   *

Оны эхний есөн сард 155.1 сая ам.долларын 499.9 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мянган тонноор, үнийн дүнгээр 39.4 сая ам.доллароор тус тус өсжээ. Жоншны экспортын дундаж үнэ 310.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.5 ам.доллароор буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 25.6 хувь ОХУ-д, 74.2 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

*   *   *

Есөн сарын байдлаар  100.7 мянган тонн цайрын баяжмалын нэг тонныг дунджаар 1441.2 ам.доллароор экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 223.8 ам.доллароор буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 145.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.4 сая ам.доллароор буурчээ.

*   *   *

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 37.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 сая ам.доллароор өсжээ. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8133.5 ам.доллароос 8784.7 ам.долларт хүрч, 651.2 ам.доллароор өсжээ. 2019 оны эхний есөн сард 4229.4  тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 199.2 тонноор бага байна. Молибдены баяжмалын 69.7 хувийг БНХАУ-руу гаргажээ.

*   *   *

Оны эхний есөн сард 7464.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4032.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42104.9  ам.доллар байсан бол энэ онд 46121.4 ам.доллар болж 4016.5 ам.доллароор өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллароор өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top