Бизнес эрхлэгч залуус чуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

МҮХАҮТ-ын дэргэд саяхан байгуулагдсан Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлөөс “НЭГ ЗОРИЛГО – НЭГ БОДЛОГО” уриатай “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019” Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг маргааш буюу аравдугаар сарын 10-нд зохион байгуулах гэж байна.

Чуулганд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагууд болон 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч 300 гаруй залуус оролцох аж. Бизнес эрхлэгч залуучууд бизнесийн орчноо сайжруулах, өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замуудын талаарх ойлголтоо нэгтгэн бодит ажил болгох, цаашлаад төрийн эрх бүхий байгууллагын бодлого шийдвэртэй холбон, уялдуулах нь уг чуулганы зорилго аж.

Мөн хөрш хоёр орны танхим, салбартаа манлайлагч шилдэг бизнесменүүдийн төлөөлөл илтгэгч, панелистуудаар оролцож, шинэ мэдлэг мэдээллийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулан түгээнэ гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж буй.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Залуучуудтай ажиллах нь бидэнд олон зүйлийг товчлох боломж олгоно” гэж байна.

Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмжид тусгана гэв. 

- Бизнесийн ёс зүй, хувь хүний хөгжил нь бизнес болоод улс орны хөгжилд нөлөөлөх нь

- Бизнес эрхлэгч залууст чиглэсэн хууль дүрэм журам, тэдгээрийн хэрэгжилт

- Бизнес эрхлэлт болон татварын хууль эрх зүйн орчин, зохицуулалт

- МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй бизнесийг дэмжих бодлого

- Олон улсын болон Монгол Улсын бизнесийн орчин, чиг хандлага

- Аж үйлдвэрийн 4-р хувьсгал Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

- Дижитал шилжилт

- Монгол брэнд үүсгэж, экспортод гаргах боломж

- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал

- Ногоон эдийн засаг зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top