Алтанбулаг боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Гаалийн шинэчлэл"-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шавь тавих арга хэмжээ болсон. Уг бүтээн байгуулалтын энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу хэрэгжиж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хийж гүйцэтгэж байна. Чухам яг ямар ажил хийгдэх вэ гэдгийг  тодотгоё.

АЛТАНБУЛАГ хилийн боомтын  хувьд 13.6 сая ам.доллар (36.2 тэрбум төгрөг)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6,000 м.кв ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7,000 м.кв авто зогсоол, 30,000 м.кв зам талбай барина.

Бүтээн байгуулалтын эдгээр ажлууд нь 2 үе шаттай хийгдэх ба эхний ээлжинд тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажлыг эхлүүллээ. Боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах 2 дахь үе шатны ажлыг 2020 оны эхний улиралд эхлүүлж, боомтын шинэчлэлийг 2021 онд бүрэн хийж дуусгана.

Түүний зэрэгцээ Улсын төсвийн хөрөнгөөр шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана.

Алтанбулаг боомт нь нийт зорчигчийн 14.5%, тээврийн хэрэгслийн 16% нэвтэрдэг боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гардаг.

 Боомтын шинэчлэлийн үр дүнд Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ.

СҮХБААТАР хилийн боомтын хувьд 1.7 сая ам.доллар (4.5 тэрбум төгрөг)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хил, гаалийн байгууллагын 3600м2 талбай бүхий 6 давхар Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барьж байгуулна.

Бүтээн байгуулалтын энэхүү ажлыг 2020 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Цогцолборыг барьж байгуулснаар хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, нэг цэгийн үйлчилгээнд шилжинэ. Мөн бизнес эрхлэгчид гадаад худалдаанд шаардагдах мэдээлэл, баримт бичгийг нэг цонхны үйлчилгээгээр авах, бүрдүүлэх боломж бүрдэж, гадаад худалдаа эрхлэхэд зарцуулах цаг хугацаа, зардал 30-аас доошгүй хувиар буурна гэж тооцоолж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (59.153.114.134) 2019 оны 10 сарын 10

ашгүй \nдээбие засах тохиотой газаргүй аймшгЙН ГАЗАР БАЙДАГ ЮМ ДАА

0  |  0
Top