Хамгийн ядуу 25 сумын эмзэг бүлгийн залуусыг сургалтад хамруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Японы Хүүхдийг Ивээх Сан болон  Дэлхийн Банк хамтран Монгол Улсын хөдөө орон нутгийн эмзэг бүлгийн залуусыг дэмжихээр   2.75 сая ам.долларын санхүүжилттэй төсөл эхлүүлжээ. Нийгмийн Хөгжлийг дэмжих Япон Сангаар дамжуулан Японы засгийн газраас санхүүжүүлж, Дэлхийн Банкны удирдах энэ төсөл нь буцалтгүй тусламж юм. Төслийн хүрээнд орон нутаг дахь эмзэг бүлгийн залууст сургууль ба хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар, чадамж эзэмшихэд нь туслах аж.

Монгол Улсад боловсролын түвшин нэмэгдсэн ч сургуулиас завсардсан буюу завсардах эрсдэлтэй хөдөө орон нутгийн эмзэг залуус хөдөлмөрийн зах зээлд ороход бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Энэ нь ажлын байр хомс, түүнчлэн ажил мэргэжлийн хувьд өсөн дэвших, хувиараа хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн болон нийгэм сэтгэл зүйн ур чадваргүйгээс шалтгаалдаг. Нийгэм- сэтгэл зүйн ур чадварт өөрийгөө удирдах, зорилгоо тодорхойлж чиглүүлэх, хувь хүний хариуцлага, шийдвэр гаргах чадвар зэрэг багтана. Төсөл нь энтрепренершип буюу бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, залуус болон тэдний ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, ажил олгох салбар хоорондын уялдаа холбоог илүү сайжруулахад чиглэсэн сургуульд суурилсан, олон нутгийн санаачилгад тулгуурласан хөтөлбөрөөр дамжуулан хөдөөгийн залуучуудад зориулан явуулах сургалтын чанар, хамаарлыг сайжруулах замаар дээр дурдсан асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлнэ гэж Дэлхийн банкнаас мэдээлж байна.

Дэлхийн Банкны Монгол Улс Хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Сургалт явуулж, танхимд сурсан зүйлээ дадлага хийх боломжийг олгосноор төсөл нь хөдөө орон нутгийн залуучуудын сурлагын амжилтыг дээшлүүлж, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх замаар ирээдүйн ажил мэргэжлийн өсөн дэвших боломжийг сайжруулахад туслах юм” гэв. Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Японы Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсын таван аймгийн хамгийн ядуу 25 суманд сургуульд суралцаж буй болон сургуулиас завсардсан зургаан мянгаас  доошгүй  залууст зориулан энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн сургалтад хамрагдаж төгссөн залуучуудад бага хэмжээний тэтгэлэг олгохоор болсон нь орон нутгийн бизнесийн боломж, олон нийтийн хэрэгцээг уялдуулах замаар сурсан ур чадвараа амьдрал практикт ашиглах боломжийг олгоно. Цаашилбал тус төсөл нь нотолгоонд суурилсан нөлөөлөл, олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны кампанит ажил явуулах замаар энтрепренершип ур чадвар олгох боловсролыг дэмжсэн бодлогын орчныг бэхжүүлэхэд тусална гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.115) 2019 оны 10 сарын 10

Oligtoi mergejil

0  |  0
Top