Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Эрдэмтэд галт уулс болон геологийн идэвхтэй бусад голомтоос ялгарч буй нүүрсхүчлийн хий зэрэг бодисын нийт жинг тооцоолон гаргаж, эдгээрийн дэлхийн уур амьсгал бүрэлдэн бий болоход гүйцэтгэсэн үүргийг үнэлжээ. Энэ тал дээр галт уулс хүн төрөлхтөнд ялагдлаа гэж “Deep Carbon Observatory /DCO/” төслийн баг мэдээлжээ.

“Дэлхийн газрын гүнээс галт уул дэлбэрэхтэй хамт хэр их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгардаг талаар бүрэн зураглалыг эрдэмтэд гаргаж авчээ. Энэхүү мэдээлэл уур амьсгалын зохицуулалтад нүүрсхүчлийн хий ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болох талаар бидний ойлголтыг батжуулсан” гэж АНУ-ын Геологийн албаны судлаач Синтиа Вернер тайлбарлажээ. Уур амьсгал судлаачид галт уулсыг дэлхийн уур амьсгалын хамгийн гол “удирдаачид” гэж тодорхойлсон. Нэг талаар, тэд нөөцөлсөн нүүрстөрөгчийн зарим хэсгийг агаар мандалд буцаан “нийлүүлдэг” бөгөөд энэ нь манай гарагийн температурыг нэмэгдэхэд хүргэдэг байна. Нөгөө талаас, галт уулс агаар мандлыг үнс нурам, даралттай шингэн хийгээр дүүргэдэг бөгөөд эдгээр нь нарны туяа, дулааныг ойлгох замаар агаарын температурыг эсрэгээр бууруулдаг байна.Хүн төрөлхтөн манай гарагийн уур амьсгалыг мэдэгдэхүйц өөрчилсөн галт уулын хэд хэдэн хүчтэй дэлбэрэлтийн гэрч болж байсныг археологийн малтлагууд баталдаг. Жишээ нь ойролцоогоор 70 мянган жилийн өмнө болсон Индонезийн Суматра арал дээрх Тоба галт уулын дэлбэрэлт олон жил үргэлжилж, хүмүүсийг бүрэн устаж үгүй болоход хүргэсэн “галт уулын өвөл” болоход хүргэж байжээ. Үүнээс хор хохирлын хэмжээгээрээ арай бага 1815 оны Тамбор галт уул болон дундад зууны үед Өмнөд Америк тивийн хэд хэдэн галт уулсын дэлбэрэлтүүд олныг хамарсан өлсгөлөн, тахал дэлгэрэх шалтгаан нь болж байсныг түүх гэрчилдэг. Галт уулс дэлхийн уур амьсгалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг хэдий ч галт уулын дэлбэрэлтүүд агаарын температур нэмэгдэх эсвэл буурахад нөлөөлдөг эсэхийг эрдэмтэд одоогоор баттай хэлж чадахгүй л байна. Учир нь тэдгээрээс ялгарч буй хий болон бусад бодисын хэмжээг өнөө хэр хэн ч үнэлээгүй.

Гүний нүүрстөрөгч

Энэ бол дэлхийн газрын гүнд болон далайд нуугдаж буй нүүрстөрөгчийн нөөцийг тогтоох зорилго бүхий DCO төслийн гол таван зорилтын нэг нь. Төслийн хүрээнд дэлхийн шилдэг зуу зуун уур амьсгал судлаач, биологич, далай судлаач, геологич нийлж, нүүрсхүчил, биомасс болон нүүрсхүчлийн бусад хуримтлалын гүний нөөцийг тогтоохоор ханцуй шамлан оржээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, дэлхий дээрх нүүрсхүчлийн нийт нөөцийн 1.4 хувь нь агаар мандалд байдаг бол газрын гүнд хоёр орчим зеттатонн /тэрбум их наяд тонн/ энэ элементийн нэгдэл нуугдаж байдаг байна. Үүнээс жилд маш бага буюу 300-400 сая тонн нүүрсхүчил агаар мандалд цацагддаг аж. Үүнээс 280-360 сая тонныг нь галт уулс ялгаруулдаг болохыг уур амьсгал судлаачид тооцоолжээ. Энэ нь хүний үйл ажиллагааны үр дүнд агаар мандалд цацагдаж буй нүүрсхүчлийн хэмжээнээс бага буй нь нотлогджээ. Нэг талаас, энэ нь галт уулсын уур амьсгалд нөлөөлж буй асар их нөлөөллийн илтгэж байна. Нөгөө талаар, дэлхийн дулааралд хүн төрөлхтөн үүнээс илүү хувь нэмэр оруулж буйг харуулжээ.

Ойролцоогоор яг ийм хэмжээний нүүрстөрөгч болон бусад хүлэмжийн хий газрын гүнд царцдас, мантийн хоорондох чулуулгийн эргэлтийн ачаар болон тунамал чулуулаг бүрэлдэн бий болох зэрэг геологийн бусад үйл явцын дүнд бий болдог байна. Энэ нь сүүлийн нэг сая жилийн туршид манай гарагийн уур амьсгалд галт уулсын үзүүлж буй нөлөөг тэнцвэржүүлж, бууруулж байдаг гэж эрдэмтэд тогтоосон байна. Ингэхдээ одоогоор мэдэгдээд буй галт уулсын гуравны нэг нь СО2 мэт хийг идэвхтэй ялгаруулдаг бол үлдсэн 60 хувь нь мөстлөгийн үеэс хойш унтаж байна. Сонирхолтой нь алдарт Йеллоустоны галт уул зэрэг унтаж буй нэг зуун галт уул хамгийн сүүлд хэдэн зуун жилийн өмнө дэлбэрч байсан ч өнөө хэр ихээхэн хэмжээний нүүрсхүчлийн хийг ялгаруулсан хэвээр байдаг гэнэ. Тиймээс уур амьсгалын төлөв байдлын талаар прогноз хийхдээ үүнийг тооцоолох ёстой гэж эрдэмтэд дүгнэжээ.

Саяны галт уулсын эрт үеийн дэлбэрэлтүүдийн үр нөлөө

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын газар нутагт байрладаг Каскадное-1 холбоо нуурын орчим хуримтлагдсан галт уулын үнс, нурмын судалгааны үр дүнд 400-1200 оны хооронд дэлхийн уур амьсгалд ноцтой нөлөөлсөн байж болзошгүй галт уулын хүчтэй дэлбэрэлт болсныг гэрчлэх ул мөрийг илрүүлжээ. Оросын эрдэмтдийн үзэж буйгаар, энэ бүс нутагт галт уулын идэвхжил хэзээ л бол хэзээ дахин сэргэх магадлал өндөр байна.

Эрдэмтэд галт уулын идэвхжилийн хугацааг гол төлөв калий-аргон, аргон-аргон аргаар холбогдох химийн элементүүдийн янз бүрийн изотопын хэмжээг харьцуулж, тогтоодог байна. Эдгээр изотопын зарим нь бусдаасаа хурдан задардаг бөгөөд тэдгээрийн харьцаагаар чулуулаг дахь аргон эсвэл калий хэдэн жилийн туршид гадаад ертөнцтэй харьцаагүйг тодорхойлж болдог байна. Монгол Улсын хилээс холгүй орших Буриадын Зүүн Булаг голын хөндийд болсон галт уулын дэлбэрэлтээс үүнийг тогтооход боломжгүй. Учир нь геологийн үзүүлэлтээр дэлбэрэлтүүд харьцангуй саяхан болсон тул статистикийн хувьд эдгээр бодисын изотопын атомын харьцаа хангалттай хэмжээгээр бий болоогүй байна. Ийм тохиолдолд археологичид цацраг нүүрстөрөгчийн аргыг ашигладаг гэнэ. Гэхдээ энэ аргыг органик олдвор эсвэл модны нүүрс буй газар л хэрэглэх боломжтой аж. Гэтэл энэ нутаг дахь хөрсөн лавын урсгалд аль аль нь тун бага байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Эрхүү, Новосибирскийн судлаачид Каскадное-1 нуурын ёроолоос дээж аван шинжлэхэд органик нүүрстөрөгчийн агууламж бүхий тунадас, галт уулын дэлбэрэлтийн үеэр нуурын ус руу орсон галт уулын үнс, нурмын бичил хэсгүүдийг илрүүлжээ. Үүний үр дүнд эрдэмтэд хөндийд болсон галт уулын дэлбэрэлттэй холбоотой найдвартай мэдээлэл олж авч чаджээ. Судалгааны ажил Journal of Asian Earth Sciences  сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Сүүлийн мөстлөгийн үед Саяны нурууд мөсөөр хучигдсан байсан тул идэвхгүй байжээ. Учир нь асар том хэмжээний мөсөн бүрхүүлийн даралт дор буй уулс галт уулын идэвхжил гаргадаггүй байна. Тиймээс Өмнөд туйлын галт уулс харьцангуй идэвхгүй байдаг аж. Дэлхийн зүй ёсны дулаарлын улмаас 16 мянган жилийн өмнөөс эхлэн мөс хайлж эхэлсэн бөгөөд 15 мянган жилийн тэртээ  энэ үйл явц илүү эрчимжээ. Тиймээс 14 300 жилээс 6300 жилийн өмнөх үе хүртэл Зүүн Булаг хөндийд 300-800 жилийн давтамжтайгаар галт уулс хүчтэй дэлбэрч байсан гэнэ. Хамгийн хүчтэй дэлбэрэлтүүд 14 300-13 300 онуудын хооронд болсон бол 3600 жилийн өмнөх үе хүртэл харьцангуй суларсан байна. Судалгааны явцад Зүүн Булгийн идэвхжилийн хоёр дахь үеийг нээнэ гэж судлаачид огт тооцоолоогүй аж. Энэ нь 1600 жилийн өмнө эхэлж, М.Э 400-1200 оны хооронд хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрч байжээ. Хамгийн сүүлийн дэлбэрэлтээс хойш 800 жил өнгөрсөн нь Зүүн Булаг хөндийн галт уулсын дэлбэрэлтийн давтамжийн хувьд бол хангалттай хугацаа гэж судлаачид үзэж байна. Тиймээс дараагийн ийм тохиолдол харьцангуй ойрын ирээдүйд давтагдах боломжтой гэнэ. Зүүн Булаг хөндий дэх дэлбэрэлтүүд уур амьсгалд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирсан гэдэгт судлаачид итгэлтэй байна. Энэ өөрчлөлт нь бүс нутгийн төдийгүй, дэлхийн хэмжээнийх байх боломжтой гэнэ. Учир нь тус хөндийд сүүлийн 15 мянган жилийн хугацаанд бий болсон базальтан лавын нийт хэмжээ 16 куб.км байна. Өөрөөр хэлбэл энэ нь хэдэн арван тэрбум тонн чулуулаг гэсэн үг юм. Ийм хэмжээний лавыг цацах хүчтэй дэлбэрэлтээс үүсэх галт уулын үнс, нурмын хэмжээ нь эл нутгийн галт уулын идэвхжилийн үед дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст “галт уулын өвөл” болоход хүргэхэд хангалттай байсан байх учиртай.

Хэрэв ийм хэмжээний галт уулын дэлбэрэлт өнөө үед болбол тус хөндийн байгаль орчинд асар их хор хохирол учруулаад зогсохгүй 1991 онд Пинатубо галт уул дэлбэрсний дараа болсон шиг дэлхий дээр хүйтэрч, ургац буурахад хүргэх байсан гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аав(66.181.161.176) 2024 оны 04 сарын 23

0  |  0
Top