Монгол Улс Атомын энергийн агентлагийн захирлыг томилоход оролцох эрхтэй болов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган Вена хотноо болсон. Тус байгууллагын Захирагчдын зөвлөлийн сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлсэн бөгөөд Ерөнхий бага хурлын нэгдсэн хуралдаанаар сонгууль болж манай улс Захирагчдын зөвлөлийн гишүүнээр 2019-2021 онд ажиллахаар сонгогджээ.

Ингэснээр манай улс ОУАЭА-ийн төсөв, хөтөлбөрийн талаар Ерөнхий бага хуралд зөвлөмж гаргах, Агентлагт гишүүнээр элсэх өргөдлийг хянах, цөмийн аюулгүй байдлын талаарх ОУАЭА-ийн хэм хэмжээг хэлэлцэх, Баталгааны тухай хэлэлцээрүүдийг батлахад шууд оролцох төдийгүй Агентлагийн Ерөнхий захирлыг томилох үйл явцад оролцох эрхтэй болж байгаа юм. 

Энэ удаагийн чуулганд оролцсон манай төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ  цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, анагаах ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангахад тус агентлагийн үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, энэ чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, баримталж буй бодлогыг танилцуулжээ. Мөн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг дурдаж, цаашид тэдгээрийн хамрах хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. 

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top