Австрийн туршлагаас суралцана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Монгол, Австрийн бизнес форум өнөөдөр /2019.10.17/ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. МҮХАҮТ,  Австрийн Эдийн засгийн Танхимтай хамтран уг форумыг 17 дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Энэ жилийн форумд Монголын бизнесийн төлөөллийн төв байгууллагууд болох МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, Улаанбаатар хотын Танхим зэрэг олон байгууллагуудын төлөөллүүд болоод 40 гаруй бизнес эрхлэгч оролцож байна. Харин Австрийн талаас есөн компанийн төлөөлөл оролцож буй аж.

Австри Улсын Эдийн засаг, цахимжуулалтын яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал энэ жилийн  бизнес форумыг ахлаж байгаа юм байна. Тэрбээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаанд оролцохоор ирсэн байна.

Монгол-Австрийн харилцаа сайн хөгжиж байгаа  ч худалдаа эдийн засгийн салбарт хангалттай хэмжээнд хүрээгүйг талууд ярьцгааж буй. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Австрийн талаас өнгөрсөн жилийн форумын үеэр онцолж байсан. Энэ жил ч уг асуудал яригдаж буй.

Австри улс байгаль орчин, байгаль орчны технологи, сэргээгдэх эрчим хүч, эмнэлэг, тоног төхөөрөмж, аялал жуулчлал болон бусад салбарын ноу-хауг хөгжүүлсэн арвин туршлагатай тул тэднээс суралцах зүйл бидэнд цөөнгүй бий талаар форумын үеэр ярилцаж  байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top