Монголбанк: Ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсныг нээлттэй тайлбарлаж, олон нийтийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд чиглэдэг.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Эдийн засгийн төлөв – Мөнгөний бодлого” сэдвээр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа илтгэл тавьж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй Монголбанкны газар, хэлтсийн захирлуудаас бүрдсэн бүрэлдэхүүн оролцогчдын асуултад хариулж, мэдээлэл өглөө.

Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгав. Тухайлбал, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарлаа.

Түүнчлэн ирэх онд эдийн засгийн өсөлт хадгалагдахаар байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хангах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд макро тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх юм.

Цаашлаад банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг үргэлжлүүлнэ. Мөн банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулах бөгөөд технологийн дэвшилттэй холбоотойгоор санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулахаар тус тус зорьж байна гэж Төв банкнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top