Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд жин дарах нөлөө үзүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

 

Дэлхийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ оны эцэст 6.9 хувь, ирэх 2020 онд 6.3 хувьтай байна гэж таамаглаж буйгаа танилцуулсан. Тэгвэл Төв банк 2020 онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийн өсөлтийн төсөөллийг боловсруулахдаа дараах нөхцлүүдийг харгалзан үзжээ. Тодруулбал,  ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан төсвийн болон мөнгөний бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж, уул уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу хийгдэн төсвийн зардал энэ онд УИХ-аас баталсан түвшинд хадгалагдаж, ирэх онд Төсвийн дунд хүрээний мэдэгдэлд тусгасан хэмжээнд байна гэж тооцов.

Энэ оны хувьд  уул уурхайн салбарын өсөлт өмнөх оны орчимд хадгалагдаж, уул уурхайн бус салбарын өсөлт саарах төлөвтэй байна. Ингэснээр эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оноос бага зэрэг буурах ч потенциаль түвшнээс өндөр байх, харин 2020 онд потенциаль түвшний орчимд хадгалагдахаар байна.

Ирэх онд уул уурхайн бус салбар эдийн засгийн өсөлтөд голлох хувь нэмэр оруулна. Эдийн засгийн өсөлтөд төсвийн бодлогын төлөв, дотоод эрэлт гол эерэг нөлөөтэй, харин түүхий эдийн үнэ, гадаад эрэлтийн төлөв, гадаадын шууд хөрөнгө оруулалт  сөрөг нөлөөтэй байхаар байгаа юм.  

2020 онд Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт энэ оны түвшнээс буурч байгаагийн зэрэгцээ бусад гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөхгүй гэж үзсэн тул гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлэхээр байна.

Төмрийн хүдэр, газрын тосны олборлолт, экспортын биет хэмжээ энэ онд нэмэгдэж уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх бол нүүрс, зэсийн баяжмалын олборлолт, экспортын биет хэмжээ өмнөх оноос нэмэгдэхээргүй тооцоололтой.

2020 оныг дуустал алтнаас бусад түүхий эдийн үнэ буурах хандлагатай, алтнаас бусад түүхий эдийн экспортын биет хэмжээ нэмэгдэхээргүй, Оюу толгойн баяжмал дахь алтны агууламж хоёр дахин буурах зэргээс шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт саарах хүлээлттэй байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 2019 оны сүүлийн хагаст эрчимжиж барилга, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлтийг дэмжих, цаг агаарын төлөв олон жилийн дунджийн орчимд байсан нөхцөлд ХАА-н салбарын өсөлт өмнөх оны орчимд хадгалагдах, оны эхний хагасын уул уурхайн салбар дахь эрчимтэй өсөлт, өрхийн хэрэглээг дагаад худалдаа нэмэгдэх зэрэг нь уул уурхайн бус салбарын өсөлтөд голлон нөлөөлнө.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт саатаж 2019-2020 онд хөрөнгө оруулалтаа бууруулсан тохиолдолд барилгын салбарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Нөгөө талаас, Таван Толгой - Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдвэл барилгын салбарын өсөлтийг дэмжинэ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр ирэх онд хөрөнгийн болон урсгал зардлууд тэлж, уул уурхайн бус салбарыг дэмжих хэдий ч үүнийг дагаад хөрөнгө оруулалтын импорт нэмэгдэх, гадаад эрэлт саарах, уул уурхайн салбарын идэвхжил буурах дам нөлөөгөөр уул уурхайн бус салбарын өсөлт саарахаар байна. Хэдийгээр хувийн салбарт олгож буй бизнесийн зээлийн өсөлт сэргэж, дотоодын хөрөнгө оруулалт тогтворжиж байгаа ч гадаадын шууд хөрөнгө оруулалт цаашид саарах, экспортын бүтээгдэхүүний үнэ буурч, гадаад эрэлт саарах хандлагатай тул 2020 онд эдийн засгийн өсөлт саарах таамагтай байгааг Үндсэн чиглэлийн төсөлд онцолжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top