ОХУ-ын Сочи хотноо энэ сарын 23-24-нд анхны Орос, Африкийн эдийн засгийн форум, дээд хэмжээний уулзалт боллоо. Арга хэмжээнд Африк тивийн 43 орны төр, засгийн тэрүүн, 11 улсын Дэд ерөнхийлөгч, сайд нар оролцов. ОХУ, Африкийн харилцааны түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Африкийн холбоог энэ жил тэргүүлж буй Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиси нар удирдав.
Африк тивд эрх чөлөөний хөдөлгөөнийг нэгэн үед хүчтэй дэмжиж байсан Орос улс бүрэн утгаараа тус тивд эргэн ирлээ гэж Их Британийн “The Times” сонин онцолжээ. Зэвсгийн нийлүүлэлт, уул уурхайн тоног төхөөрөмж, газрын тос, атомын цахилгаан станц, төмөр зам гээд хар тивийн бүхий л салбарт Орос улс мөнгөө цутгаж, улс төрийн болон эдийн засгийн ашиг олж байна. Өнгөрсөн онд Москва Африкийн 20 гаруй улстай цэргийн хэлэлцээр байгуулж, Оросын “Рособоронэкспорт” корпорац Африкийн зэвсгийн нийт нийлүүлэлтийн 35 хувийг хангаж байна. Энэ онд гэхэд ОХУ Африкийн улс орнуудад дөрвөн тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээнд Сочи хотноо гарын үсэг зурлаа. Үүнд Мозамбик, Руанда, Ангол, Уганда зэрэг 20 орон багтаж байна.
Хамгийн хурдацтай өсөх зах зээл
Суэцийн сувгийн дэргэдэх Египет улсад Оросын аж үйлдвэрийн бүс баригдаж буй. Орос улс энэ бүсийг Хойд Африк төдийгүй, Өмнөд Африк, бүр Ойрх Дорнод руу гарах суваг гэж харж байна. 2050 он гэхэд Африкийн ДНБ 29 их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид тооцож байна гэж Владимир Путин дээд хэмжээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Дэлхий даяараа санхүү, эдийн засгийн хямралтай тэмцэж байх хооронд эдийн засгийн өсөлт Этиопт найман хувь, Нигерид есөн хувь, Сьерра-Леонед арван хувь, Анголд 12 хувь, Экваторын Гвинейд бүр 20 хувьд хүрч байв. Тиймээс 10, 20 жилийн дараа гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн үлэмж их хувийг Африк тив дангаараа бүрдүүлж, дэлхийн зах зээлд дахин нэг тэрбум худалдан авагч орж ирнэ. Ингэснээр хар тив хамгийн хурдацтай өсөх зах зээл болох учир өнөөдөр дэлхийн улс гүрнүүд овоо хараандаа авч эхэлжээ. Үүнээс гадна Африк тив дэлхийн эрдэс баялгийн нийт нөөцийн гуравны нэгийг агуулдаг. 2030 оноос эхлэн ирээдүйн технологийн хөгжил, үйлдвэрлэл, зэвсэглэлд нэн шаардлагатай эх үүсвэрийн нийлүүлэгч болно.
XXI зууны колоничлол
Африк тусгаар тогтносноос хагас зууны дараа дэлхийн томоохон гүрнүүд, эдийн засгийн хүчнүүдийн сонирхлын төвд дахин орж байна гэж шинжээчид үзэж байна. Цаашид энэ ашиг сонирхол улам бүр өснө. ОХУ Африк тивд буцан ирснийг Европ, АНУ сайшаахгүй нь тодорхой. Африкийг онилсон ОХУ-д БРИКС-ийн түншүүдээ зайчлах хэрэг гарна. Гэхдээ одоогоор шууд сөргөлдөөн гараагүй л байна. Тэдгээрийн дотод Хятад улс хамгийн хүчтэй тоглогч. Хятад улсад ч гэсэн Африкийн нөөц баялаг хэрэгтэй, тэнд бараа бүтээгдэхүүн, технологи, зэвсгээ борлуулах сонирхол бий. Тиймээс Орос, Хятадын харилцаанд Африкийн сэдэв гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.
Африк өөрөө үүнд бэлэн үү
Өмнөд Африкт үргэлжилж буй ган гачиг бүс нутгийн эрчим хүчний хангамжид сөргөөр нөлөөлж байна. Зимбабве, Замби улсын газар нутгийг дамнан орших Кариба далангийн усны түвшин сүүлийн жилүүдэд байгаагүй бага хэмжээнд очжээ. Тус хоёр улс эрчим хүчээ Өмнөд Африкаас импортлоход хүрээд байгаа бөгөөд тус тивийн хамгийн их аж үйлдвэржсэн орон болон Өмнөд Африк хүртэл эрчим хүчний хэрэгцээгээ хангаж чадахгүй л байна.
Өдгөө 600 сая африкчууд гэрэл цахилгаангүй нөхцөл амьдарч байна. Хүн ам өсөхийн хэрээр улам бүр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг шийдвэрлэх нь Африкийн улс орнуудыг тулгамдсан асуудал болоод буй. 2016 онд Замбийн Засгийн газар цөмийн технологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эрчим хүчний “өлсгөлөнд” автсан улс зөвхөн Замби биш. Египет Өмнөд Африкийн жишгээр цөмийн эрчим хүчний реактортой болохоор зэхэж байна. Цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглах гэрээг Нигери, Этиоптой мөн байгуулаад байна.
Цөмийн эрчим хүч асар өндөр өртөгтэй
Цөмийн эрчим хүч асар их хөрөнгө оруулалт шаарддаг тул Африкийн улс орнуудад цөмийн технологи ач холбогдол багатай гэж барууны шинжээчид дүгнэжээ.
Африкийн засгийн газруудын шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл бол өртөг. Тэдний ихэнх нь өрийн дарамтад буй. Атомын цахилгаан станц барихад асар их зардал гарах бөгөөд тааварлахад мөн бэрх гэж Өмнөд Африкийн Иоханнесбургийн их сургуулийн профессор Хартмут Уинклер онцолжээ. Түүний хэлснээр, атомын цахилгаан станц барих явц удааширсан жишээнүүд олон байдаг. Үүний гол сөрөг тал нь өртөг асар их хэмжээгээр нэмэгдэж, барилгын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байдаг гэж тэрбээр тайлбарлажээ.
Цөмийн эрчим хүчний ирээдүйн улс
Нигери, ОХУ-д газрын тос, байгалийн хий, ган үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц боломж байна гэж Нигерийн эдийн засагч Маилафиа үзэж байна. Оросын тусламж, ноу-хаугаар Нигери улс Ажакута гангийн үйлдвэрийг сэргээх боломжтой гэж тэрбээр тодруулжээ. 1979 онд эхэлж байсан энэ төсөл өнөөдөр зогсонги байдалд ороод буй. Орос улс хөгжиж буй үндэстнүүдэд цөмийн технологио борлуулах хөрс суурийг аль хэдийнээ тавьсан. Түүний өмнө дээр дурдсан орнууд үүдээ нээгээд байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө Руандагийн засгийн газар атомын цахилгаан станц барих тухай Оросын Росатом корпорацтай гэрээг баталжээ. Руанда ОХУ-тай ижил тэгш нөхцөлтэй гэрээ байгуулсан тул Руандагийн дотоод хэрэгт оролцож байна гэж үзэж болохгүй. Африкийн улс орнуудын дотоод хэрэгт оролцож байна гэх барууны гүрнүүд ихээхэн шүүмжилдэг. Энэ утгаараа ОХУ ч тэр, БНХАУ ч тэр бидний түнш юм гэж Руандагийн их сургуулийн улс төр судлаач Кристофер Каюмба онцолжээ.
Томоохон тоглогч Хятадын хувьд?
Орос улсын Африк дахь эдийн засгийн амбиц Хятад улс хар тивд дэд бүтцийг хөгжүүлэх бизнест давамгайлж буй үед гарч ирж байна. Африк нь тус хоёр улсын хувьд хоёуланд нь нээлттэй бөгөөд Москва Хятад улсыг Африк дахь өрсөлдөгч гэж үздэггүй гэж Оросын шинжээчид үзэж байна. “Бидний хувьд Орос улстай харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Бидэнд бие биеэсээ суралцах зүйл их бий. Эцсийн эцэст, БНХАУ, ОХУ хамтран ажилладаг түншүүд шүү дээ” гэж Нигерийн эдийн засагч Маилафиа ярьжээ. Африк тив хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглээ нь ч мөн хурдан нэмэгдэж байна. Тиймээс Африкийн бүх түнш улсад орон зай бий. Хятад, Орос улсад тус тивд хамтран ажиллах боломж бий гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )