Хөрөнгийн захын хөөс хагарч, хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Шил шилээ дарсан олон IPO хөрөнгийн захад сайн мэдээ түгээж байсан цаг саяхан. Хөрөнгө зах зээлийн идэвхжил нэмэгдэж, түүхэнд байгаагүйгээр тэлж эхэллээ. Хоосроод байсан биржийн лангуу чанартай бүтээгдэхүүнээр дүүрч, иргэд топ компаниудаас хувь эзэмших боломж бүрдлээ гэх мэт. Энэ бүгдэд өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн биржид гарсан IPO давлагаа шууд нөлөөлсөн. Гэвч IPO компанийн гол хувьцаа эзэмшигчид болох эздэдээ хөрөнгө босгож өгдөг боловч хөрөнгө оруулагчид буюу жижиг хувьцаа эзэмшигчдээ гонсойлгодог зүй тогтол давтагдах шинжтэй. Үүний цаана мянга мянган иргэн олон арван тэрбум төгрөгөөрөө хохироод үлддэг нь харамсалтай. Нөгөө талд нь хөрөнгийн зах зээлээс 27 компани нийт 156.5 тэрбум төгрөг босгожээ. 

Өнгөрсөн жилийн эцэст 2.5 их наяд, энэ оны II улиралд 2.6 их наяд төгрөгт хүрсэн хөрөнгийн зах сүүлийн үед хурдацтай агшиж байгаа. Мэргэжлийн оролцогчдын хувьд үүнийг улаан өнгөөр тодорхойлдог бөгөөд Монголын хөрөнгийн захад хувьцааны ханш унасан өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт хувьцаат компаниудын үнэлгээ II улирлаас хойш 200 гаруй тэрбум төгрөгөөр буурч, 2.39 их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон. Магадгүй үүнээс ч илүү өндөр өртөгтэй уналт гарч болзошгүй байж. Энэ оны эхний хагаст шинээр гарсан, түүхэнд байгаагүй өндөр дүнтэй IPO-үүд нийт үнэлгээний уналтыг саармагжуулах нөлөө үзүүлжээ. Цаашид IPO-үүдийн үнэлгээ унасаар байвал байдал бүр л муудаж мэдэхээр байгаа. Учир нь энэ уналтыг мэргэжилтнүүд IPO-ийн хөөс хагарч буйтай холбон тайлбарлаж байна. Монголын томоохон компаниуд тодорхой хувиа хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгох болсноор оролцогчдын тоо хийгээд мөнгөн дүнг огцом өсгөсөн. Богино хугацаанд ийн өсөлт үзүүлсэн шигээ хурдан уруудахыг хөөс хагарна гэж тодорхойлж байгаа. Яг ийм дүр зураг ойрын хоёр жилд гарсан IPO-үүдээс харагдаж эхлэв.  Практикаас харахад, хөрөнгийн бирж дээр шинээр гаргасан хувьцааны ханш бүгд биш ч дийлэнхдээ том том мөнгөн дүн танилцуулсан сурталчилгаанаас үүдэлтэй хөрөнгө оруулагчдын сэтгэл хөөрлөөс ч болдог юм уу богино хугацаандаа өсдөг уламжлалтай аж. Харин урт хугацаанд нь авч үзэхэд олонх нь буурсан дүр зурагтай байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түмэн шувуут” компани энэ оны эхэнд гахай, тахианы бизнес төлөвлөгөө танилцуулж, зах зээл дээрээс 10 тэрбум босгосон. Тэр үед 3000 иргэн, аж ахуйн нэгж тус компанид хөрөнгө оруулсан бөгөөд 200 төгрөгөөр гаргасан нэгж хувьцаа нь одоо 146 төгрөгийн ханштай байгаа. Барилгын материал үйлдвэрлэгч “Монгол базальт” компанийн 380 төгрөгийн ханштай байсан хувьцаа хамгийн сүүлд 258 төгрөгөөр арилжигдсан. Мөн олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн IPO  “Монос хүнс” компанийнх байлаа. Тус компани эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулахаар 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Энэ хөрөнгөөр үйлдвэрлэлийн хүчин чадлаа 24 дахин нэмэгдүүлж, 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж олон улсад зах зээлээ тэлнэ гэж танилцуулж байлаа. Ингэснээр 4000 гаруй хөрөнгө оруулагчид нэгж хувьцаагаа 70 төгрөгөөр амжилттай худалдсан. Одоо хувьцааных нь ханш 67 төгрөг хавьцаа байх жишээтэй. Ерөнхийдөө сүүлд гарсан 10 IPO-ийн долоогийнх нь ханш унажээ. Өөрөөр хэлбэл, шинээр гарж буй хувьцаанд хөрөнгө оруулан ашиг хүртэхээр сонирхож буй бол 30 хувийн магадлалтай гэсэн үг. Эндээс үзэхэд ялангуяа жижиг хөрөнгө оруулагчдын хувьд ханшийн зөрүүн дээрээс ашиг олох зорилгоор IPO-д орох нь их эрсдэлтэй алхам. Том хөрөнгө оруулахаар бол  компанийн суурь үзүүлэлтүүд, түүний олон нийтэд гаргаж буй үнэлгээ хэр бодит вэ гэдгийг сайн судалсны үндсэн дээр худалдан авах эсэх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тэгэхээр IPO хийсэн бүх компани хөрөнгө оруулагчдынхаа өмнө үүргээ биелүүлээгүй гэж ойлгож болохгүй нь. Төрийн оролцоотой “Монгол шуудан”, санхүүгийн салбарын “Мандал даатгал”, “Лэнд.мн”, “Ард даатгал” зэрэг компаниудын хувьцаа үнээ барьсан хэвээр байгаа. Анх гарахдаа л хамгийн өндөр үнэлгээтэйд тооцогдож байсан “Мандал даатгал”-ын нэгж хувьцаа 4800 төгрөгөөс 5400 төгрөг хүрээд, одоо эргээд 4890 хавьцаа бууж ирээд байна. “Ард даатгал”-ын хувьцааны хувьд ч өндөр өсөлт үзүүлж байсан үеэ өнгөрөөж, одоогоор анхны үнэ буюу 700 төгрөгөө барьж байгаа. Урт хугацааны дүр зураг ийм байна. Салбарын хувьд хөдөө аж ахуй, хүнс тэргүүтэй үйлдвэрлэлийн салбарын компаниудын хувьцааны ханш унасан бол санхүүгийн чиглэлийн компаниудын  ханш тийм ч их унаагүй гэдгийг харж болно. Энэ нь санхүүгийн салбарт голдуу мэргэжлийн хөрөнгө оруулагчид мөнгөө оруулдагтай холбоотой байж мэднэ.   
 

Яг одоо үргэлжилж буй хөөс хагарах үзэгдэл анх удаагийнх биш. Арваад жилийн өмнө өнгөрсөн хоёр жилийнх шиг олон компани IPO гаргаж байжээ.

 

Тухайн үед одоогийнх шиг богино хугацаанд өндөр өсөлт үзүүлсэн зах зээл түргэн хугацаанд агшсан байдаг. Төдий чинээгээрээ компаниудын хувьцааны ханш улайсан. Хөрөнгийн биржийн анхны IPO-ийг 2005 онд “Монгол шилтгээн” компани хийснээс 2008 оныг хүртэлх хугацаанд 12 компани хөрөнгө оруулалт татжээ.  Тэдгээрийн дотор “Женко тур бюро” компани 2006 онд нэгж хувьцаагаа 100 төгрөгөөр гаргаж байсан бол одоо 60 төгрөг, “Ремикон” компани 2008 онд нэгж хувьцаа 100 төгрөгөөр гаргаад, өнөөдөр 25 төгрөгөөр арилжигдаж байна.  “Хай би ойл” компани 2007 онд мөн л  нэгж хувьцаагаа 100 төгрөгөөр гаргаж байсан бол одоо 50 төгрөгийн ханштай байгаа зэргийг дурдаж болно.  Үүнээс сургамж авсан мэргэжилтнүүд 2016 оноос эхэлсэн IPO-ийн шинэ давлагааны хөөс хагарч,  улмаар хөрөнгө оруулагчид хохирч болзошгүйг анхааруулж байсан юм. Гэвч брокерийн компаниудын зүгээс хувьцааны хөрөнгө оруулалт урт хугацаандаа өгөөж өгдөг талаар тархи угаасаар байгаа. Харин яагаад хөрөнгө оруулагчид урт хугацаандаа өгөөж хүртэж чадахгүй байна вэ.

Шалтгаан нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа явдал. Монгол Улсын хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо бол жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллага. Бүр тодруулбал, санхүүгийн зах зээл дэх үйлчилгээг зохицуулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий УИХ-ын шууд харьяанд байдаг байгууллага юм. Гэвч энэ үүргээ биелүүлэхэд Компанийн тухай хуулийн учир дутагдалтай заалт садаа болдог байна. Энийг нь ч Эдийн засгийн байнгын хороо авч хэлэлцдэггүй. Энэ талаар “Үнэт цаасны зах зээл хөрөнгө оруулагчдад арилжааны банкнаас ч илүү ашиг амладаг мөртлөө банк шиг харилцагчаа хамгаалж чаддаггүй” гэх шүүмжлэл удаан хугацаанд явж байгаа. Мөн IPO хийх компаниуд  бизнес үнэлгээ болон олон нийтээс  босгох гэж байгаа мөнгөн дүнгээ хэт өөдрөг гаргах явдал давтагдаж байгаа аж. Үүнээс нь болж компанийн эзэд бус мөнгөө бариад очсон жижиг хөрөнгө оруулагчид хохирдог. Мөн шалтгааны улмаас өндөр үнэтэй хувьцаа гаргачихаад хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ буугаад ирэхийн цагт буцаагаад хувьцаагаа худалдаж авах явдал одоо ч үргэлжилж байгаа. Хямдарсан хувьцаагаа нэг гарт төвлөрүүлж эхэлдэг гэсэн үг. Ингэснээр тухайн хувьцаат компанийн хувьд олсон цэвэр ашгийг зөвхөн цөөн хэдэн хүн хуваан авч, хөрөнгөө илүүчилсэн хувьцаа худалдан авсан жижиг хувьцаа эзэмшигчид хоосон хоцордог. Компанийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа өөрчлөөд сураг алдарсан компани ч байна. Үүнийг бусад улсад хулгай, дээрэмтэй жишиж  эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг бол Монгол Улсад халаасны хулгайн хэмжээнд ч авч үздэггүй байна. Энгийнээр бол дансны аргаар идэхтэй зүйрлэж болно.           

Асар их нөөц бололцоотой үнэт цаасны зах зээл ийнхүү хөрөнгө оруулагчдаа гонсойлгоод байхаар цаашид хэн итгэж мөнгөө хийх вэ. Уг нь 2006-2016 онуудад компаниуд хамгийн ихдээ 10-15 хувиа олон нийтэд санал болгож байсан бол сүүлд гарсан компаниуд багадаа 25 хувиа олон нийтэд санал болгох босго тогтоож өгснөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх мэдлийг дээрдүүлж өгсөн гэж үздэг. Гэвч өнөөг хэр нь хүмүүс хөрөнгө мөнгөөрөө хохирсоор байгаагаас үзэхэд, энэ босго хангалтгүй хэмжээ бололтой. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд хөрөнгийн захаас хөрөнгө оруулалт татсан компаниуд ашигтай ажилласан талаараа танилцуулдаг ч хувьцааны ханш нь унаад байгааг  албаныхан тайлбарлаж ч мэдэхгүй байгаад дүн шинжилгээ хиймээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
766(64.119.24.238) 2019 оны 10 сарын 30

Saaral jagsaalt gej gatsa

0  |  0
Top