Ирэх сарын 5-нд Төрийн ордонд “Залуу инженерүүдийн үндэсний чуулган болно. Тэгвэл уг чуулганыг угтан өнөөдөр /2019.10.31/ “Уул уурхайн салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо” салбар хэлэлцүүлэг боллоо.
Уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой аж. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Монголын Алт” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн нийт 180 гаруй залуу инженер оролцжээ.
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны есдүгээр сарын байдлаар 13 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр өсөж, нийт үйлдвэрлэлийн 73 хувь буюу 9,5 их наяд төгрөгийг уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл эзэлж буйг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлов.
Мөн улсын хэмжээнд нийт 770 мянган бүртгэлтэй ажилтан байгаагийн найман хувь буюу 61 мянган ажилтан уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгааг хэлсэн үгэндээ тодотгосон. Үүний дөрвөн мянга нь дээд боловсролтой инженерүүд аж. Чуулганы үеэр УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, чиглэл”, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр “Хариуцлагатай уул уурхай ба залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Удирдлагатай тоног төхөөрөмжийн ахлах инженер Э.Төгөлдөр уул уурхайн салбар дахь дроны ашиглалт нэвтрүүлсэн талаар туршлага хуваалцсан бол “Багануур” ХК-ийн Технологийн автомашины хэсгийн инженер Э.Шинэбаяр шанага үйлдвэрлэх инновацын төслөө танилцуулсан байна.
Уул уурхайн салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан илгээлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Уг илгээлтэд инновацыг дэмжих бодлогыг боловсруулж, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уялдаа холбоог хангаж, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Мөн хариуцлагатай уул уурхайг бий болгох, авьяасад суурилсан чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулах ёстойг онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум