МИАТ Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх боломж нээгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Манай улсын  “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.  Хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор шинэчлэн байгуулж буй тус санамж бичиг нь Сөүл хотоор дамжуулан гуравдагч улс руу борлуулалт хийх, ачаа тээшний чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр нарийвчлан тусгаснаараа онцлог аж.

 Өөрөөр хэлбэр Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин Япон Улсын Осака, Австрали Улсын Сиднэй болон Сингапур улс руу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм байна.

Уг хамтын ажиллагаа нь МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, зардал бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг өргөн боломжийг олгож байгаа бол зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж буй аж.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд  1991 оны аравдугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн хилийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” хэлэлцээрийн дагуу хоёр оны нийслэл хотууд хооронд “МИАТ” ТӨХК нь 1994 оноос, “Корэйн Эйр” компани 1995 оноос тус тус хуваарьт нислэг гүйцэтгэж эхэлсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top