Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ буюу роялти бол байгалийн нѳѳцийг ашигласны тѳлѳѳ шууд борлуулалтын орлогоосоо тѳлдѳг татвар. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнгөрсөн зургаадугаар сард дунд суудлын хуралдаанаараа гаргасан шийдвэрийг баталгаажуулснаар өнөөдөр АМНАТ-ын асуудал хэн хүний анхаарлыг татаад байна. АМНАТ-аас олох орлогын хэмжээг нарийвчлан тооцож харьцуулан, үнэлгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй хандах нь чухал гэдгийг эдийн засагчид хэлдэг. Роялтиг хэт бага эсвэл хэт өндөр тогтоох нь аль аль нь сөрөг тал дагуулдаг. Мэргэжилтнүүд хэлэхдээ “АМНАТ тооцох үнэлгээг тодорхойлж байгаа өнөөгийн аргачлал, практикаа дахин нягтлах, шинэ хуулиар төлбөр ногдуулах үнэлгээг тогтоохдоо судалгаа тооцоотой хандах. Борлуулалтын үнэлгээ борлуулалтын орлого хоёрын хооронд хоёр дахин зөрүү байгаа тул нэг талаас ААН-үүдийн борлуулж буй үнэ хэр бодитойд судалгаа хийх, нөгөө талаас борлуулалтын үнэлгээ тооцож буй аргачлал түүний суурь болгож авч байгаа жишиг үнийг бодит байдал руу ойртуулах арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг. Мөн худалдан авалтын үнэ болон борлуулалтын үнийн зөрүүнээс АМНАТ авах нь зүйтэй.” гэсэн зөвлөмж ч бий.
Тэгвэл АМНАТ-тай холбоотой гадны улс орнуудын тоо жишээг авч үзье.
ЧИЛИЙН ЖИШЭЭ
Манай уул уурхайн салбар Чилийн туршлагыг хөрсөн дээрээ буулгахад гэмгүй гэдэг. Тэгвэл тус улсад уул уурхайн бүтээгдэхүүн ашиглах эрх бүхий хувь хүн, хуулийн этгээд бүх төрлийн, бүтээгдэхүүний эхний шатны борлуулалтадаа “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийг төлдөг. Хэрэв компани уул уурхайн бүтээгдэхүүн бусдаас худалдан авч, борлуулах тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдохгүй. Жилдээ 12 000 тонноос бага хэмжээний цэвэр зэсийн борлуулалт энэ төлбөрөөс чөлөөлөгдөх ба 12000-50000 хүртэлх тонн цэвэр зэсийн борлуулалтын үнэлгээнд бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамааран 0.5%-4.5%, 50000 ба түүнээс дээш тонн цэвэр зэсийн борлуулалтанд үйл ажиллагааны ахиуц ашгаас хамааран 5% - 14% -ын татвар ногдоно. Ахиу ашиг нь 35% ба түүнээс бага бол 5 хувь, 85% ба түүнээс дээш бол 14 хувь байх ба ахиу ашгийн хувиас хамруулан төлбөрийг хэдэн хувиар ногдуулахыг тодорхойлсон хүснэгт байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тодорхойлогдсон татвар ногдуулах орлогод тохируулга хийх замаар уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогыг тодорхойлдог. Уул уурхайн үйл ажиллагааны орлого буюу ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах орлогын дүнг, тухайн компанийн борлуулсан цэвэр зэсийн үнийг дэлхийн зах зээлийн үнээр үржүүлсэн нийт орлогын дүнд харьцуулж энд дурдсан ахиуц ашгийн хэмжээг тодорхойлдог юм байна.
ХОЙД ХӨРШИД...
Оросын Холбооны Улсын тухайд газрын тосноос бусад уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа олон улсын зах зээлийн үнийг баримтлах талаар тухайлан заасан хуулийн зохицуулалт байхгүй. Борлуулалтын буюу гэрээний үнэнээс улсаас олгосон татаас, НӨАТ, тээврийн болон даатгалын зардал зэргийг хассан дүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулдаг аж. Төлбөрийн хэмжээ үнэлгээний 0-8 хувь, нүүрс, антрацит, нефтийн бүтээгдэхүүний нэгжид 11-700 рубль байдаг юм байна.
ӨМНӨД ХӨРШ
Хятад улсад газрын тос болон газанд 5-10 хувиар, бусад ашигт малтмалуудад 0.3-60 юанаар тооцож төлбөр ногдуулдаг. Энэ нь тус улс эцсийн бүтээгдэхүүн болгодог өөрийн боловсруулах үйлдвэртэй байдагтай холбоотой аж. Харин давсанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа түүний төрөл, хэмжээ, олборлож буй аргаас хамааруулан өөр өөр аргачлалаар төлбөр ногдуулдаг онцлогтой юм байна.
АВСТРАЛИД...
Австралид Mineral resource rent tax буюу ашигт малтмалын нөөцийн түрээсийн татвар авдаг. Энэ татварыг тус улсад үйл ажиллагаа явуулж буй төмрийн хүдэр, нүүрсний үйлдвэрүүд төлдөг аж. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг муж улс бүр өөрийн хуулиар тусгайлан тогтоодог байна. Тус улсын Нью соут уэлс муж улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уурхайн гаднах ex mine үнэлгээнд ногдуулах бөгөөд энэ үнэлгээг тодорхойлохдоо борлуулсан баяжмалын дэлхийн зах зээлийн үнээр тооцсон борлуулалтын орлогын дүнгээс уурхай дээрх баяжуулалтын зардал, борлуулалтын зардал, уурхай дээрх удирдлагын зардал, элэгдлийн зардлыг хасч тодорхойлох ба ийнхүү тодорхойлогдсон дүнгийн 4 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг юм байна. Уурхай дээрх баяжуулалтын шууд зардалд бутлах тээрэмдэх зардал, концентрацжуулах болон цэвэршүүлэх зардал, шинжилгээний зардал, борлуулалтын зардалд борлуулалтын цэг хүртэлх тээврийн зардал, CIF нөхцөлтэй борлуулалтын хувьд гадаад борлуулалтын тээврийн зардал, агентын шимтгэл багтдаг бөгөөд зөвхөн уурхай дээр гарсан удирдлагын нийт зардлын 33.33 хувийг уурхай дээрх удирдлагын зардал гэж үздэг аж.
Сэтгэгдэл ( 1 )
эдийн засгын прогноз уурхайн нөөц хоёрыг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум