Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Европын зах зээлд өрсөлдөнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

Монголын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганын тос, сарлагийн хөөвөр, торомны ноос, арьс шир гэсэн дөрвөн салбарын үйлдвэрлэгчдийг кластераар бойжуулах, Европын Холбооны орнууд руу бүтээгдэхүүнээ экспортлоход чадавхжуулах ажил явагдаж буй талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Уг үйл ажиллагааг Европын Холбооны Монгол Улсын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Тэгвэл тэдний ууган кластер болох “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” нь албан ёсоор ТББ болоод гуравхан сарын нүүр үзэж байгаа ч салбарын тэргүүлэгч 15 байгууллагыг эгнээндээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад оржээ.

Түүнчлэн “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” байгуулагдсантай холбогдуулан Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Аюулгүй Байдлын Тухай хуулийн төслийг санаачлах, төсөл боловсруулах асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс хөндөж эхэлжээ. Мөн ТРАМ төсөл болон “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” ТББ-тай хамтран Хамтын Ажиллагааны Өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсан байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар бол шинэ салбар юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд кластерын үүрэг маш чухал. Бидний зүгээс салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ойртуулахад дэмжлэг, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чухал ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.

Хамтын ажиллагааны өдөрлөг арга хэмжээний үеэр “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” ТББ-ийг албан ёсоор нээж Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой яам, агентлагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top