Хятад улс зах зээлээ улам нээлттэй болгоно гэж Ши Жинпин мэдэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

 “Хятадын олон улсын импортын экспо” арга хэмжээ  Шанхай хотноо Үндэсний үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус  үзэсгэлэнгийн нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жинпин хүрэлцэн ирж нээлтийн үг хэлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “БНХАУ цаашид зах зээлээ улам нээлттэй болгоно. Зах зээлийг хязгаарласан үйл ажиллагаа явуулахгүй,  гадаадын хөрөнгө оруулагчдад илүү уян хатан бодлого санал болгоно"  гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Энэ сарын 5-20-ны өдрүүдэд үргэлжлэх энэ удаагийн экспод  150 орны 3000 гаруй компани оролцож байна. Олон улсын дүр төрхийн танхимд  64 улс тухайн улсын тусгай засалттай талбайд оролцож буй юм байна.

Монгол Улс энэ жил тус экспод анх удаа оролцож байгаа. 136 м2 тусгай засалттай талбайд Монголын аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчин зэрэг бүхий л салбараар улсаа  сурталчлан оролцож байгаа юм байна. АПУ ХК, Очир дагинас ХХК, Майндтэч ХХК, Монфүүдланд ХХК, Сайн түмэн кашмер ХХК, Говь газар ХХК, Түмэнсүлжээ ХХК, Тэсо корпораци, Грийн групп зэрэг компаниуд бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байгаа аж. Монгол Улсын компаниуд уг экспод оролцсоноор дэлхийн 150 гаруй орны төлөөлөл болсон тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэгэн дээвэр дор цуглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түншлэлтэй болох, дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэж байна гэж МҮХАҮТ-аас мэдэгдлээ.

Үзэсгэлэн ухаалаг, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, автомашин, шинэ дэвшилтэт технологи, инновац, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, соёл боловсрол, аялал жуулчлал, эмнэлэгийн тоног төхөөрөмж, эмийн үйлдвэрлэл, олон улсын дүр төрхийн хэсэг зэрэг чиглэлээр явагдаж буй.

Дашрамд дурдахад, Шанхай хот дахь Үндэсний үзэсгэлэнгийн танхим нь   одоогийн байдлаар дэлхийд хамгийн томд тооцогдож буй үзэсгэлэнгийн цогц байгууламж аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu