Дэлхийн өр 188 их наяд ам.доллар болж, түүхэн дээд рекордод хүрээд байгааг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева “Жак Полак”-ийн бага хурлын индэр дээрээс мэдэгдлээ. Өрийн өсөлт улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл дагуулж буйг тэрбээр онцоллоо. Нийт өрийн дийлэнх хэсэг буюу 2/3-ыг хувийн хэвшлийнхний өр эзэлж байна.
ОУВС-гийн тэргүүн улс орнуудын өрийн өсөлтийг хүмүүст бүр эртнээс байсан зуршилтай холбон тайлбарласан нь содон. Тэрбээр эрт дээр цагт хүмүүс тариа тарихын тулд үрийг нь зээлээр авдаг байсан. Ургацаа хурааж авсныхаа дараа эргүүлэн төлдөг байсан тэр л хэлбэр хадгалагдсаар, улс орнуудын өрийн хэмжээ ч өссөөр байгаа тухай дурдав. Түүнчлэн дэлхийн улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд болон зээлийн үйлчилгээ үзүүлэгчид яг л тэр “үр зээлдүүлэх” ажлыг хийж байгаа гэж жишиж ярьсан байна. Хэдийгээр мөнгө зээлийн харилцаа байх ёстой ч үндэслэлгүй, шаардлагагүй өрийн хэмжээ өсөж буйд санаа зовж буйгаа Кристалина Георгиева хэлжээ.
Мөн тэрбээр өрийн хэмжээ улам өсөж буйн сацуу худалдааны дайн, Брексит зэрэг эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэх эрсдэлтэй асуудлуудыг онцолжээ. Хувийн хэвшлийнхний өрийн хэмжээний сүүлийн үеийн өсөлтийг худалдааны дайныг сөрөг нөлөөлөл гэж тэрбээр хэлсэн байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын өрийн хэмжээ эдийн засгийн бодит хүчин чадал, нөөцтэйгөө харьцуулахад үлэмж өсөлттэй байгаа. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 29.7 тэрбум ам.долларын гадаад өр бүртгэгдсэн. Цаашид өрийг өрөөр санхүүжүүлэх үйл явцыг дагаж энэ хэмжээ нэмэгдэх төлөвтэй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Өрийг өрөөр дардаг, бондыг бондоор дарж ард түмний толгой угааж МАНхан буруутай Гарц хайхгүй татвар торгуулиар ард түмэн хувийн ААН үүдийг дарамтад оруулж байга