Хятадтай хиймэл дагуулын мэдээг хамтран ашиглана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (АНДСХАБ)-ын Удирдах зөвлөлийн 13 дах хурал Монгол Улсад боллоо. Гишүүн орнуудын удирдлагуудын төлөөлөл бүхий Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат удирдан явуулжээ.

 Хуралд Бангладеш, БНХАУ, Иран, Монгол, Пакистан Перу, Тайланд, Турк  зэрэг улсын удирдах түвшний 50 орчим төлөөлөгчид оролцож АНДСХАБ-ын үйл ажиллагааг дүгнэн, санхүүгийн болон аудитын тайлан, хөгжлийн төлөвлөгөө, гишүүнчлэлийг өргөжүүлэх бодлого, баримтлах журам зэрэг нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хурлын үеэр тус байгууллагын боловсрол, сургалтын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их сургууль, Харбины технологийн институцитэй хамтран ажиллах гэрээ болон хиймэл дагуулын мэдээ хамтран ашиглах чиглэлээр Хятадын үндэсний сансрын агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ нь гишүүн орнуудын хувьд сансрын технологи, түүний хэрэглээний чиглэлээр хүний нөөцөө чадавхижуулахад чухал алхам болсныг хуралд оролцогчид онцлов

АНДСХАБ нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь сансрын салбарыг энхийн зорилгоор ашиглах засгийн газар хоорондын байгуулага юм.

Сансар судлал, сансрын технологи ба хэрэглээ, сургалт гэсэн үндсэн чиглэлүүдийг хамарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг тус байгууллага өнөөдрийн байдлаар эгнээндээ Монгол, Хятад, Бангладеш, Иран, Пакистан, Тайланд, Турк, Перу гэсэн найман үндсэн гишүүн, нэг ажиглагч гишүүн болох Мексик, сонирхогч гишүүн Индонези болон Египет гэсэн улсуудыг нэгтгээд байна.

Манай улс энэхүү байгууллагыг үүсгэн байгуулагч орны нэг бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажилладаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top