ТОМИЛГОО: Павит Рамачандран Монголыг хариуцан ажиллана

2019 оны 11 сарын 12

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр  Павит Рамачандран ажиллаж эхэллээ. Рамачандран нь бүс нутгийн хэмжээний болон улс орны түвшний олон төсөл хөтөлбөр боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн, төрийн болон хувийн салбарт ажилласан өргөн хүрээний туршлагатай чадварлаг мэргэжилтэн гэж АХБ-наас танилцуулж байна. Тэрбээр  Суурин төлөөлөгчийн газрыг тэргүүлэн ажиллахдаа АХБ болон  Монгол Улсын Засгийн газар,  хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл болон хөгжлийн бусад түнш хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллах юм байна. 

Ази, Номхон далайн орнуудад бодлогын шинэчлэл хийх, санхүүжилт босгох, чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилласан 23 жилийн туршлагатай тэрбээр 2009 оноос эхлэн АХБ-нд төсөл хөтөлбөрийн болон мэдлэгийн бүтээгдэхүүний төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжилт хариуцан ажиллажээ. Мөн  тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг олон төсөл хөтөлбөр, бодлогын хэлцлийг тэргүүлж байсан нэгэн аж.

Павит Рамачандран хэлэхдээ “АХБ Монгол Улсын Засгийн газартай 28 гаруй жилийн туршид ажилласан урт удаан, нягт хамтын ажиллагааны түүхтэй. Бид улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ жендер, уур амьсгалын өөрчлөлт, хувийн хэвшил зэрэг шинэ чиглэлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн Монгол Улсад үзүүлэх АХБ-ны дэмжлэг туслалцаанд мэдлэг болон инновац  түлхүү байр суурь эзлэх болно.” гэсэн байна.

Тодотгоход, Энэтхэг Улсын иргэн ноён Рамачандран нь АНУ-ын Мэрилэнд Их сургуулийн Төрийн Удирдлагын магистр, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийн Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top