Н.Назарбаев Орос, Украины удирдагчдыг Казахстанд уулзалт зохион байгуулахыг санал болгов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Ерөнхийлөгчийн албан тушаалаа өнгөрсөн гуравдугаар сард хүлээлгэн өгсөн ч улсынхаа номер нэг хүн хэвээрээ байгаа Н.Назарбаев ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзсан байна. Тэрбээр Владимир Путин болон Украины удирдагч Владимир Зеленский нарын хооронд уулзалт зохион байгуулахыг санал болгожээ. В.Зеленский бол В.Путинтай уулзалт хийхэд боломжтой гэж үзэж байгаа аж. Харин В.Путины хувьд тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.  Н.Назарбаев хоёр улс төрийн тэргүүнүүд уулзалт хийх бол Казахстанд уулзалт зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко Зеленскийг Путинтэй уулзахад бэлэн байгаа тухай,  хоёр улсын удирдагчид гурван удаа утсаар ярьсан тухай мэдэгдэж байсан юм.

Сануулахад, зургаадугаар сард Санкт-Петербург хотноо болсон Олон Улсын Эдийн Засгийн форумын үеэр хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путинээс Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж ярилцах тухай ямар бодолтой явааг нь  хэвлэлийнхэн асуухад  “Би түүнийг ямар хүн гэдгийг мэдэхгүй. Хэзээ нэгэн цагт танилцана гэж найдаж байна. Ямартай ч одоо хүртэл ажилласан тэр салбартаа бол сайн ажилласан, сайн жүжигчин юм шиг билээ”  хэмээн хариулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top