Хойд хөршөөс өмнөд хөрш рүү байгалийн хийн нийлүүлэх “Сибирийн хүч -1” хоолойг ирэх арванхоёрдугаар сарын 2-нд нээхээр албан ёсоор товложээ. Хийн хоолойг нээх үйл ажиллагаанд В.Путин, Ши Жинпин нар оролцох аж.
3371 километр урт хийн хоолойг барьж гүйцэтгэх ажил өнгөрсөн зургаадугаар сард дууссан гэх мэдээлэл байсан. Тэгвэл “Газпром” компани хийн хоолойг байгалийн хийгээр дүүргэж, нийлүүлэлтийг эхлэхэд бэлэн болжээ.
“Сибирийн хүч -1” хийн хоолойгоор жилдээ 38 тэрбум метр куб хийг БНХАУ руу нийлүүлэх аж. Якут дахь Чаяндины ордоос Благовещенск рүү татсан хоолойгоор БНХАУ руу хий очих юм.
Сануулахад, ОХУ, БНХАУ хоёр арав гаруй жил хэлэлцэж байж 2014 онд “Сибирийн хүч -1” хоолойг байгуулах гэрээг хийсэн. Тохиролцож чадалгүй удсан нь БНХАУ илүү хямд үнэ шаардаж байсантай холбоотойг шинжээчид хэлдэг. Уг хийн хоолой БНХАУ-ын зүүн хойд хэсгийн бүс нутагт хүрч цаашлаад Солонгос, Японы зах зээлд хүрэх зураглалтай.
“Сибирийн хүч -1” хоолой ашиглалтад орох нь Монголоор дайруулан барьж магадгүй гэгдэх “Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг хойшлуулж мэднэ гэсэн байр суурийг зарим шинжээчид хэлж буй.
Сэтгэгдэл ( 2 )
хийн хоолой гээд , негеедех нь дэлбэрвэл юу болох вэ.
манайхаар дамжин өнгөртөл бидний нас хүрэх үү дээ