Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар бэхжиж байгаа ч томоохон шокийг даван туулахад хүрэлцэхгүй гэсэн дүгнэлтийг ОУВС-гаас хийсэн нь манай гадаад эрсдэл буюу төлбөрийн тэнцлийн эрсдэлийг анхааруулаад байгаа хэрэг юм. Хуримтлагдсан дүнгээр манай улсын урсгал данс 2008-2018 оныг дуусах хүртэл хугацаанд 23.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Үүнийг бид гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бондын өр төлбөрөөр санхүүжүүлж өдийг хүрсэн. Улмаар Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц -34.4 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй, үүн дотроо гадаад өр 29.7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Төр, хувийн хэвшлийн хуримтлагдсан өр төлбөрийн 2020-2024 онуудад төлөх эргэн төлөлт 14.4 тэрбум ам.доллар гэсэн тооцоолол сүүлийн байдлаар бий.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 858.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 465.4 сая ам.доллароор буурсан гэх мэдээллийг өглөө.
Дашрамд тодотгоход, ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ гэдэг нь худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг нэгтгэсэн статистикийн тайлан юм.
Есдүгээр сарын байдлаар УРСГАЛ ДАНС 929.8 сая ам.долларын алдагдалтай гарахад үйлчилгээний тэнцэл 1.1 тэрбум ам.доллар, анхдагч орлогын данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлжээ. ХӨРӨНГИЙН ДАНС оны эхний есөн сард 71.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 8.7 (13.9%) сая ам.доллароор өссөн байна.
Харин санхүүгийн дансны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 295.6 (27.7%) сая ам.доллароор өсжээ.
Төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны эхний есөн сард 475.3 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2019 оны эхний гурван улиралд өмнөх оны мөн үеэс 739.5 сая ам.доллароор өсөж, 264.3 сая ам.долларын ашигтай гарчээ.
Тэгэхээр статистикийн байгууллагын тоон мэдээллээс харахад урсгал дансны алдагдал өндөр байна.
Бараа болон үйлчилгээний худалдааны тэнцэл, сараар, сая ам.доллароор
Урсгал дансны алдагдал өндөр гарч байгаагийн шалтгаан болоод алдагдал удаан үргэлжлэх нь бизнесүүдэд ямар нөлөөтэй вэ? гэдэг асуултад Төв банкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваагийн өгч байсан хариултыг эргэн сануулъя.
Эхлээд урсгал дансны бүтцийг танилцуулах хэрэгтэй байх. Урсгал данс нь дотроо барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, анхдагч орлого буюу манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадагшаа төлдөг зээлийн хүү, хөрөнгө оруулалтын орлогын тэнцлийг харуулдаг. 2014 оноос Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа жигдэрснээр манай улсын экспортын хэмжээ нэмэгдэж, барааны данс ашигтай гарах болсон. Харин үйлчилгээний данс, тэр дундаа тээвэр, аялал жуулчлал, нарийн мэргэжлийн үйлчилгээний салбарын гадагшаа төлж байгаа төлбөрийн алдагдал нэлээд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил л гэхэд манай улс үйлчилгээний тэнцэлд хоёр тэрбум ам.долларыг гадагшаа төлсөн үзүүлэлттэй байгаа. Үүнийг дотор нь задлаад үзвэл тээвэр дээр 500 орчим сая ам.долларыг гадагшаа төллөө. Мөн өмнө нь ашигтай байдаг байсан аялал жуулчлалын салбар 2018 онд -410 орчим сая ам.долларын алдагдалтай. Бизнесийн зөвлөх үйлчилгээ, барилга, инженер гэх зэрэг нарийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд 1 тэрбум ам.долларыг гадагш төлсөн байгаа юм. Тэгэхээр үйлчилгээний данс алдагдалтай байгаа нь манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сул байгааг илгэж байгаа. Дэд бүтцийн хөгжил сул байна. Нарийн мэргэжлийн үйлчилгээг манай дотоодын аж ахуйн нэгжүүд олгож чадахгүй, гаднаас авч байна гэсэн үг. Мөн манай улсын аж ахуйн нэгж иргэдийн гадагшаа төлж байгаа зээлийн төлбөр, хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашгийн төлбөр буюу бидний мэргэжлийн хэллэгээр анхдагч орлого гэдэг. Энэ дүн бага байж байгаад гадаад өр, хөрөнгө оруулалтын позицын сөрөг дүн хуримтлагдахын хэрээр зээлийн хүү, хөрөнгө оруулалтын төлбөрүүд нэмэгдээд байгаа. Өнгөрсөн жил гэхэд Монгол Улс цэвэр дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларыг гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын төлбөрт төлсөн байгаа юм. Тэгэхээр урсгал дансны алдагдлыг Монгол Улсын хэмжээнд харвал өнгөрсөн жил нийт 2.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэж байна. Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол Улс жилдээ ДНБ-ий 22 хувьтай тэнцэх хэмжээний урсгал дансны алдагдал хүлээж явж байна.
Дэлхийн банкнаас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар нийт 100 гаруй орны урсгал дансны тэнцлээс хамгийн их алдагдалтай эхний гурван улсын дунд Монгол Улс багтсан. Тэгэхээр Монголбанкны зүгээс ч бас урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээ авах, олон улсын байгууллагуудтай хамтрах, эрдэмтэн судлаачидтай санал солилцох зэрэг үйл ажиллагаа хийж байна" гэж байсан юм.
Тэгэхээр 2019 оны эхний есөн сарын байдлаар урсгал дансны алдагдалд үйлчилгээний тэнцэл дарамт үүсгэсээр байгааг Үндэсний статистикийн хорооноос өгсөн шинэ мэдээлэл дахин баталж байна.
Сэтгэгдэл ( 0 )