Худалдааны талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогогүй байгааг шүүмжлэв  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

“Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болжээ. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ГХЯ, МҮХАҮ болон  холбогдох  мэргэжлийн холбоод, гадаад дотоод худалдаа эрхлэгчид оролцсон байна.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон худалдааны салбар нь 2018 оны байдлаар ДНБ-ий 16.4 хувь, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 40 орчим хувийг бүрдүүлж, 200 гаруй мянган хүнийг ажлын байраар тогтвортой хангаж байгаа томоохон салбар юм.

Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-аас Монголын бизнесийн орчны судалгааг танилцуулж, цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар саналаа хүргүүлжээ. Эдгээр санал нь худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хөнгөлөлтүүдийг боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр бизнес эрхлэгчдийг хамруулсан удаа дараагийн хэлэлцүүлгүүдээс нэгтгэсэн байр сууриуд аж.

Хэлэлцүүлэгт оролцогчид худалдааны салбарыг нэгтгэн зангидах төрийн захиргааны төв байгууллагагүй, худалдааны талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогогүй, салбар дундын уялдаа холбоо болон хяналт хариуцлага сул, дотоод худалдаа эмх цэгцгүй, салбарын хүний нөөцийн бодлого алдагдсан талаар санал шүүмж өрнүүлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, Худалдааны тухай хуулийн төсөлд санал өгөхөөр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top