Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 16.8 их наяд төгрөгт хүрэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  оны эхний арван сард  14.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөг буюу 13.2%-иар өсжээ.  Нүүрс  олборлолт 1.3 их наяд төгрөг, бусад ашигт малтмал олборлолт 15.4  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тэгвэл аравдугаар сарын тухайд авч үзвэл  аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 38.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт оны эхний арван сард өмнөх оны мөн үеэс нүүрс, газрын тос, буталмал чулуу, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 8.7-39.6 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт вакуум цонх, хаалга, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14  хувиас 2.1 дахин өссөн байна.

 

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл, салбараар, сараар, тэрбум төгрөг

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, цайрын баяжмал, молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 1.3-24.8 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, зүсмэл материал, хиаман төрлийн бүтээгдэхүүн, архи, катодын зэс, адууны мах, самнасан ноолуур, малын тэжээл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.7-33 хувиар буурчээ.

Тэгвэл уг салбарын борлуулсан бүтээгдэхүүн  оны эхний арван сард урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9  их наяд төгрөгөөр өсжээ. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 11.6 их наяд төгрөг буюу 69 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top