ИНФОГРАФИК: Эрдсийн экспорт ингэж өөрчлөгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний арван сард  11 593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу 772.8 сая ам.доллароор өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1464.1 сая ам.доллароор  эерэг гарчээ.

Экспортын мэдээллийг хүргэе.

Экспорт 6528.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 583.9 сая ам.доллароор буюу 9.8 хувиар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 368.1 сая ам.доллароор, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 199.6 сая ам.доллароор, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 23.5 сая ам.доллароор тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83  хувийг эзлэж байна.


Оны эхний арван сард 2747.7 сая ам.долларын 32.3 сая тонн чулуун нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 309.2 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед нэг  тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өсжээ. Чулуун нүүрсний 98.2 % БНХАУ руу гаргасан байна.


1174.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 30.5 мянган тонноор бага байна.  2018 оны эхний арван сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1668.9 сая ам.доллар байсан бол тайлант сард 1541.0 сая ам.доллар болжээ.


Төмрийн хүдрийн экспорт  6699.5 мянган тонн буюу 459.5 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 651.1 мянган тонноор, үнийн дүн нь 185.0 сая ам.доллароор тус тус өсжээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.2 ам.доллароор өссөн байна.


Боловсруулаагүй нефтийн экспорт 5428.2 мянган баррель буюу 302.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 460.2 мянган баррелиар их боловч үнийн дүнгээр 23.7 сая ам.доллароор бага юм. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.


Оны эхний арван сард 170.4 сая ам.долларын 557.7 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 135.9 мянган тонноор, үнийн дүнгээр 29.9 сая ам.доллароор тус тус өсжээ. Жоншны экспортын дундаж үнэ 305.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.6 ам.доллароор буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 25.1 хувь ОХУ-д, 74.7 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.


109.2 мянган тонн цайрын баяжмалын нэг  тонныг дунджаар 1425.5 ам.доллароор экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 202.3 ам.доллароор буурчээ. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 155.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 11.9 сая ам.доллароор буурчээ.


Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 41.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 сая ам.доллароор өсжээ. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8215.7 ам.доллароос 8769.9 ам.долларт хүрч, 554.2 ам.доллароор өсөв. 2019 оны эхний арван сард 4732.7 тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 147.4 тонноор бага байна. Молибдены баяжмалын 68.8 хувийг БНХАУ-руу гаргасан байна.


Оны эхний арван сард 7464.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4032.6 кг-аар их байгаа юм. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42104.9 ам.доллар байсан бол энэ онд 46121.4 ам.доллар болж 4016.5 ам.доллароор өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллароор өсжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top