Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын “Саарал жагсаалт”-тай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Тус байгууллагуудын удирдлагууд өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Ийнхүү санал хураалт явуулахад СЗХ-ны дарга С.Даваасүрэнг УИХ-ын гишүүдийн 60.5 хувийн саналаар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг УИХ-ын гишүүдийн 57.1 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН “Олон улсын туршлагыг харахад Төв банкны ерөнхийлөгч тогтвортой ажиллах учиртай байдаг. Монголд сонгуулийн мөчлөгөөс хамаарч 5-6 жилийн хугацаатай томилдог. Гэтэл сүүлдээ сонгуулийн мөчлөгтөө хүрэхгүй солигддог боллоо. Үүнд санаа зовж байна. Монголбанкны бодлого үйл ажиллагааны талаар 15-20 минутын танилцуулга хийх хүсэлтээ Н.Баяртсайхан илэрхийлсэн байсан. Энэ танилцуулгад УИХ, Засгийн газрын гишүүд анхаарах ёстой. Манай эдийн засаг тогтворжоод явж байгаа үед удахгүй “Саарал жагсаалт”-аас гарах байх. Улс орны банк санхүүгийн болон мөнгөний бодлого тогтвортой явах ёстой. Банкны удирдлага солигдож байгаатай холбоотой эдийн засгийн хүндрэл үүсэхээс хэрхэн сэргийлж байна вэ” хэмээн лавлав. Үүнд Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Т.АЮУРСАЙХАН “Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тантай ижил асуултыг гишүүд тавьж байсан. Монголбанкны ажлыг сайжруулахын тулд хариуцлагын асуудал яригдах ёстой. Энэ зөвхөн “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудал биш. Арилжааны банк татан буугдсан, түүнээс үүдэн иргэд, олон нийт хохирсон гээд олон асуудал хөндөгдсөн. Цаг хугацаа алдах, оновчгүй томилгоо хийхгүй байх тал дээр Их хурал анхаарч ажиллах ёстой” хэмээн хариулав.
Мөн УИХ-ын гишүүн Н.ОЮУНДАРЬ “Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх болсонд харамсаж байна. Энэ хүн үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж ирсэн гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс 2017 онд ОУВС-ын хяналтад орж 40 зөвлөмжийг биелүүлэх болсон. Үүнээс дөрөвхөн зөвлөмжийг биелүүлээгүй байгаа. Эдгээр асуудлуудын алинтай нь ч Монголбанк хамааралгүй. 2016 онд Монгол Улс дампуурлын ирмэг дээр ирсэн. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд, Н.Баяртсайхан дарга дампуурлаас гаргах ажилд гар бие оролцож байсан. Ийм хүмүүстээ бид хариуцлага тооцох гэж байна. Н.Баяртсайханыг шахсаар байгаад өргөдлийг нь авсан байж таарна. Эдийн засагт нэлээд ахиц дэвшил гарч байгаа. Валютын нөөц сүүлийн хоёр жил дөрөв дахин өссөн. Алдагдал 1.5 их наядаар буурсан. Төрийн мөнгөний бодлогыг их хурал баталдаг. Мөнгөний бодлоготой холбоотойгоор хариуцлага тооцож байгаа бол буруу шүү” хэмээлээ.
Үүнд УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН “Эдийн засгийн өсөлт нь дан ганц төв банкны ерөнхийлөгчийн ажил биш. Засгийн газраас эхлээд зах зээлийн харилцаанд орж байгаа бүх олон байгууллагаас шалтгаална” хэмээн хариулсан бол УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР “ҮАБЗ-аар Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонссон. Эдийн засагт доргилт үзүүлэхгүй байх чиглэлээр дэлгэрэнгүй ярилцсан. Манай улсын эдийн засаг өсөж, төсвийн алдагдал буурсан зэрэг эерэг үзүүлэлт байгаа боловч эдгээрийг үл харгалзан “Саарал жагсаалт”-д орчихсон. Энэ удаад өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна” хэмээн тайлбар хийлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene komynist uy hiisen uym be dolloriin hanshaa har alt abaad jaahan mungutei l boloo biz ter ni ard tumend naaldahgui bna shuudee ene ajliig hiij chadahgui hun gedeg ni uuriinh ni yariaanaas haragddag