Дэлхий дахинд санхүүгийн салбар дэвшилтэт технологид суурилахын хэрээр уламжлалт бус зохицуулалтуудыг шаардсаар байгаа. Тэгвэл манай улс финтекийн шинэ бүтээгдэхүүнийг турших орчин буюу Сэндбокс (Sandbox) үүсгэх зохицуулалт, техникийн судалгааны ажил эхлүүлэн, олон улсын байгууллагын зөвлөхүүдтэй санал солилцон ажиллаж байгаа тухай Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.
Тодотгоход, санхүүгийн зохицуулалтад түгээмэл хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологи бол Сэндбокс юм. Санхүүгийн технологи буюу финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй энэ үед тэдгээрийн зохицуулалт мөн хурдтай, уян хатан байх шаардлагатай. Зах зээлд гарч ирж буй шинэ санаачилга, дэвшилтэт бүтээгдэхүүнийг мэдээллийн нэг урсгалаар хянан, зохицуулснаар тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний сул тал, эрсдэлийг багасгах, эрх зүйн болон бизнесийн стандарт, шаардлагуудад нийцүүлэх боломжуудыг тооцоолж, финтекийн хөгжилд дэмжлэг үзүүлдгээрээ Сэндбокс давуу талтай. Энэ нь эргээд зах зээлд санхүүгийн хүртээмжийг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сэндбоксын зохицуулалт нь 2015 онд Их Британид бий болсон бөгөөд дэлхийн 20 гаруй орны санхүүгийн зохицуулалтад идэвхтэй хэрэглэгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )