Д.Жаргалсайхан утгагүй хуулиудын талаар Чарльз Монтиноос асуув

2019 оны 11 сарын 28

Эрх зүйн реформын Олон улсын эксперт, ахлах зөвлөх Чарльз Хэнри Монтин өнөөдөр манай бизнесийн салбарынхан болон эдийн засагчидтай RIA буюу Хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ, олон улсын туршлагыг  Монгол Улсад  хэрхэн оновчтой хэрэгжүүлэх вэ гэсэн агуулгын хүрээнд ярилцлаа. 

Чарльз Хэнри Монтин нь Засгийн газар, болон харьяа байгууллагаас гаргасан хуулийн бодлого, хэрэгжүүлэлтийн шинжилгээ, үнэлгээний талаар зөвлөгөө өгөх, удирдах албан тушаалтнуудад зориулан сургалт явуулах, хуулийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгөх зэрэг чиглэлээр ажилладаг. Төрийн удирдлага, хуулийн хэрэгжүүлэлтийн чиглэлээр Францын үндэсний болон Олон улсын түвшинд NATO, Европын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/, Дэлхийн банк зэрэг байгууллагад шинжээч, ахлах зөвлөх, зөвлөхөөр амжилттай ажиллаж байсан туршлагатай зөвлөх аж.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч Д.Жаргалсайхан “Хуулийн тухай хууль Монголд хэрэгжээд дөрвөн жил болж байгаа хэдий ч Монгол Улсад энэ нь маш их цагийг авсаар, ямар ч утгагүй хуулиудыг дэмжсээр байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?” гэсэн асуултыг түүнд тавьсан юм.

Чарльз Хэнри Монтин  “Монгол Улсад хуулийг системтэйгээр зохицуулдаг, эрх зүйн нөлөөллийн шинжилгээг үнэн зөвөөр хийдэг, хууль хэнд, хаашаа чиглэж байна вэ? Үр ашгийн нөлөө нь хэр байна вэ гэдгийг судлах хамгийн чухал. Судалгаа шинжилгээг хийх нь оновчтой хууль  батлахад хамгийн чухал байдаг” гэлээ.

Мөн тэрбээр “Үр нөлөөний үнэлгээ” гэдгийг тодорхойлохдоо  “Шинээр батлагдах буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа зохицуулалтын боломжит үр ашиг, зардал, үр нөлөөг тодорхойлох, хэмжих зэрэг системтэй үйл явцыг хэлнэ. Түүнчлэн холбогдох тайлангийн баримт бичиг юм. Хуурамч мэдээллээр хангагдсан Засгийн газарт зориулсан шийдвэр гаргах чухал зааварчилгаа гэхчлэн тайлбарлалаа.

Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ "Хуулийн төслийг хэлэлцэх үйл явцад хувийн хэвшлийн байгууллагууд оролцдоггүй, хэрэгжих хугацаа нь болоогүй гэдэг ч юм уу нэг их ач холбогдол өгдөггүй. Харин хууль батлагдаад хэрэгжиж эхэлмэгц санал гомдлоо ярьж эхэлдэг. Иймээс өнөөдрөөс эхлээд хуулийн төслийг эхлэх үед нь санал бодлоо нэг дуугаар хүргэж хууль, тогтоомжийн үр нөлөөллийн үнэлгээ, түүнийг тойрсон олон асуудлуудыг хөндөж бизнесийн эрх зүйн орчноо сайжруулахын тулд хүч боломжоо нэгтгэн хамтран ажиллахыг уриалж байна" гэв.

Тэгвэл хуульч Т.Алтангэрэл “Хуулийн үр нөлөөний шинжилгээний ачаар бодлого, хууль хоер чанартай болдог. Одоо чанар ярих цаг болжээ” гэж байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top