“Хориг” тавиулсан бизнес эрхлэгчид хүнд байдалд байгааг Ч.Улаан сайдад дуулгав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг "Business breakfast" уулзалтын зочноор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан уригдаж, бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцжээ.

Ч.Улаан сайд дараах байр суурийг илэрхийлжээ.

ХХААХҮЯ-наас мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. Гарч байгаа бодлого бүрээ санал солилцох байдлаар заавал байр суурийг нь сонсоно. Харин та бүхэн нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад ормоор байна. Зарим нь орж байна. Тариалан эрхлэгчдийн нөгөө олон холбоо нэгдсэнээр харилцахад маш амар байна.

Экспортолж байгаа түүхий эдийг ХАА-н биржийн хяналт  дор гаргая гэсэн Баярсайхан гэдэг хүнтэй санал нэг байна. Энэ талын зохицуулалтыг ойрын хугацаанд хийнэ.

Хадгаламжийн хүү, зээлийн хүү нь нягт холбоотой. Зээлийн хүү нь өндөр байгаа нь манай улсад хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой. Хадгаламжийн хүүг бууруулах нь буцаагаад зээлийн хүүг бууруулах юм. Бусад улс оронд хадгаламжийн хүү нь бага байдаг. Энэ нь зээлийн хүүг бага байлгах маш том бодлого юм.

2020 онд баруун бүсийн аймгуудын малыг вакцингүй эрүүл мал аж ахуй, зүүн бүсийн аймгуудыг вакцинтай мал аж ахуй болгох зорилт тавин ажиллаж байна. Бүх малыг ээмэгжүүлэх, цахим бүртгэлд оруулах, гарал үүслийг тодорхойлох, хянах application-ыг бий болгон ажиллах нэгдсэн системд оруулах зорилт, үйл ажиллагаа 2020 оны төсөвт тусгагдсан байгаа.

Ноос ноолуурын үнийн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв. Бид ноолуурын үнэ цэнийг унагаж болохгүй, хүндэтгэлтэй хандаж үнэ цэнийг улам илүү болгох ёстой. Тэдэн хувийн ноолуур гэх мэтээр ноостой холих ч юм уу, ямар нэг байдлаар хямдруулах нь өөрөө зах зээлийн үр ашиг багатай. Экспортын тухайд угаасан ноолуурыг шууд гаргахгүй, ямар нэг байдлаар самнах ч юм уу боловсруулж байж гаргана. Үүн дээр анхаарна.


Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчдийн байр суурийг хүргэе.

“Сор кашмер” ХХК-ийн захирал Л.Болдбаатар

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт ноолуурын 18-20 хувийг л дотооддоо гүн боловсруулалт хийж байгаа. Үлдсэн 80 хувийг нь БНХАУ руу угаасан байдлаар гаргаж байгаа. БНХАУ-ын Засгийн газар боловсруулаагүй ноос, ноолуур импортлохыг хориглосны ачаар Монголд ноос, ноолуур угаах үйлдвэрлэл хөгжиж байна. Үүн дээр суурилаад цаашид ноос самнах үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай байна. Салбарын яамнаас зүгээс бодлогоор дэмжих хэрэгтэй байна.

MCPT компанийн үүсгэн байгуулагч Н.Пүрэв

Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авахаар зээлийн хүүний зөрүүнд маш их хэмжээний мөнгө төлж алдагдалд ордог. Зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт болон хөнгөлөлттэй зээлийн боломжийг бодитой шийдэж өгмөөр байна.

Преком ХХК-ийн захирал Б.Мөнхзаяа

Махны салбарыг зохицуулж байгаа хууль дүрмүүд хангалттай байгаа. Гагцхүү түүнийгээ хэрэгжүүлэх тал алдаа дутагдалтай байгаа учир үр дүн гарахгүй байна. Тиймээс араас нь хөөцөлдөх биш өмнөөс нь угтаж үйлчилгээгээ бэлддэг тогтолцоог бий болгомоор байна. Жишээлбэл, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортод хориг тавьснаар энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийгээд байсан олон бизнес эрхлэгчид хүндээр тусаад байна. Хэрэв энэ асуудлыг урьтаж зөвлөлдөж мэдсэн бол тэд хөрөнгөө илүү үр дүнтэй зүйлд зарцуулж болох байсан. Энэ мэт нөхцөл байдлыг урьдчилж харж, мэдээлдэг, санаа оноо солилцдог баймаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top