Төр барьж буй хүмүүсийнхээ өмнөөс ичиж, зовмоор санагдах үе олон гарах юм. Естой нөгөө хүний өмнөөс амьдраад байгаа юм уу, яагаад байгаа юм гэж тэднээс асуумаар. ФАТФ-ын “Саарал жагсаалт”-ын шийд албан ёсоор гарахаас хэдхэн өдрийн өмнө гаднын элчингүүдийг дуудаж, тусламж гуйгаад байсан Г.Занданшатар дарга ээлжит “гуйлгаа” энэ долоо хоногт хийлээ. Азийн хөгжлийн банкнаас манай улсад суух суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй Павит Рамачандраныг хүлээн авч уулзахдаа “2020 он бидний хувьд чухал жил байх болно. Тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал чухал хөшүүрэг болох ёстой” хэмээн боловсон байдлаар хүсэлтээ илэрхийлэв. 2020 оны сонгуулийн жил эрх баригчдын хувьд чухал жил байх нь гарцаагүй л дээ. Төлөвлөснөө хэрэгжүүлэхэд тогтвортой байдал чухал гээд байгаа нь санхүүжилтийн л тогтвортой байдал шүү дээ.
Манай даргын байр сууриас санааг нь шууд ойлгосон шинэ суурин төлөөлөгч “Саарал жагсаалт”-аас гарах, эдийн засгаа сайжруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллах болно гэсэн байна лээ. Спикер ийм л үг сонсох гэж түүнтэй уулзсан болохоор нэг талаас баярлаж харж болох ч угтаа бол эмгэнэлтэй л санагдаж байна. ФАТФ-ын шалгуурыг хангаагүй шууд хэрэгжилтийн дөрвөн үзүүлэлтийг сайжруулахын тулд олон улсын байгууллагатай хамтарч ажиллах хэрэгцээ гарч байгаа ч манайхны хандлага бүр нэг албатай юм шиг байгаад байна. “Саарал жагсаалт”-аас гарахгүй бол бид хэцүүдэх гээд байна гэсэн зүйлийг хэлж ярьж буй УИХ-ын дарга маань 2020 оны улсын төсвөө баталсан гэдгээ шинэ төлөөлөгчид хэлэхээ мэдээж мартаагүй байна лээ. Зэрэгцээд жижүүрийн маягийн үгс дайхаа ч мартсангүй. Түүний үгийг эшлэхэд “Дэлхийн эдийн засгийн ойрын үеийн чиг хандлагатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт ирэх онд саарах магадлал бий. Манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Тиймээс урт хугацаандаа экспортыг дэмжих, эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, банк санхүүгийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх томоохон зорилтууд хүлээгдэж байгаа” гэхчлэн хэлсэн байгаа юм.
Түүхэнд байгаагүй өндөр зарлагатай төсвийг хуульчлан баталсан парламентын даргын хувиар ийм үг хэлээд дээр нь нэмж мөнгө гуйгаад сууж байна гэдэг үнэндээ санаа зовмоор л хэрэг. Ёстой нөгөө ямар нүүрээрээ ингэж чаддаг байна л гэмээр. Өнгөрсөн жилүүдэд Азийн хөгжлийн банкнаас манай улсад олгосон зээл тусламжийн нийлбэр дүнг харвал багагүй тоо гарна. 1991-2014 он хүртэлх 13 жилийн хугацаанд гэхэд 56 удаагийн зээл авсан нийлбэр дүнгээрээ 1,084.6 сая ам.доллар. 12 удаагийн буцалтгүй тусламж авсан нь нийлбэр дүнгээрээ 172.2 сая ам.доллар. 171 техникийн туслалцааны төсөл хэрэгжсэн нь нийлбэр дүнгээрээ 100.6 сая ам.доллароор хэмжигдэж байх жишээтэй. За тэгээд 2016 онд дефольт зарлах дээрээ туллаа барилаа гэж бүгдээрээ уйлж, дуулж байгаад 2017 оноос ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Тэгснээр доноруудаас бид ээлжит гуйлга, тусламжаа авах эрх баталгаажсан. Өчигдөр ч өнөөдөр ч авсаар л байна. Энэ янзаараа маргааш ч бас авсаар л байх нь.
Уг нь бид өөрсдөөрөө үүх түүхээрээ их л бахархдаг хүмүүс. Тэгвэл өнөөдрийн бид нар өөрсдийн түүхээ бичихдээ даанч нэг гамгүй хандаад байна. Дараа дараагийн үе маань энэ цагийн Монголын түүхээр бахархах биш ичих хэмжээнд хүрэх вий гэсэн зовнил тээж буй хүмүүс цөөн ч гэсэн байгаа болов уу. Ингээд хэлэхээр сүржигнээд байна гэж харагсад бас байж магадгүй юм. Бид ийм дорой байр байдалтай хэвээрээ л байгаад байвал хүссэн хүсээгүй дараагийн үедээ чичлүүлэх болно. Жирийн нэг айл өрх дээр жишээлээд аваад үзье л дээ.
Гэр бүлийн гишүүд жаахан сүйхээ гаргаад, маргаашаа зөв төлөвлөөд урагшаа хараад ажиллаж, хөдөлмөрлөөд явах бололцоо байсаар атал боломжоо ашигладаггүй, хэн нэгэнд өр зээл тавьж өнөөдрөө аргацаах гээд л нунж дорой урсгалаараа байгаад байвал тэр өрхийн амьдралд ахиц гарахгүй шүү дээ. Түүн шиг улс орны хөгжил дэвшил гэдэг бол хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх биш, бүрэн бүтэн хувцастай байхыг л шаардаад байгаа юм. Өчигдрийн, өнөөдрийн эрх баригчдад ийм л энгийн хандлага байхгүй нь харамсалтай.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37