Нийслэлийн төсөв| 894.1 тэрбумын ОРЛОГО, 338.1 тэрбумын ЗАРЛАГАТАЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

2020 оны Нийслэлийн төсөв батлагдлаа. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 2020 оны төсвийг  татварын шинэчлэлийн хүрээнд хялбаршуулсан горимыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, “Цахим ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэл бодлогыг баримталж ажиллана гэж тайлбарласан. 

Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ.

Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх аж. 

Нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх нэг үүсвэр нь Зам ашигласны төлбөр. Тэгвэл 2020 онд Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болж байна. Ингэснээр 73.5 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрөх аж. 2016 оныхтой харьцуулахад 541 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сануулахад, Улсын Их Хурлаас Нийслэлийн 2020 оны суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож улсын төсөвт төвлөрүүлэн шилжүүлэх санхүүжилтийг баталсан.

 Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталсан юм. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төргөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан. 

Тодотгоход, өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top