Есөн жилийн өмнөх арванхоёрдугаар сард С.Батболд Ерөнхий сайдын хувиар ОХУ-д айлчилснаас хойш гүйцэтгэх засаглалын тэргүүн хойд хөршид хөл тавиагүй байсан юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын түвшний есөн жилийн дараах айлчлал хоёр орны харилцаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц дэвшлүүдийг дагуулах уу гэдэг нь цаг үеийн анхаарал татсан ээлжит сэдэв болоод байна. Улс төр, геополитикийн нөхцөлд тулгуурласан улс орнуудын харилцаа заавал эдийн засгийн үр ашигтай байх шаардлагагүй гэх ерөнхий ойлголт байдаг ч харилцан ашигтай, өгөө аваатай байх тусмаа харилцаа илүү амь ордог гэдгийг үгүйсгэх нь утгагүй. Монгол, Орос хоёр улсын төр засгийн удирдлагууд харилцан айлчлалууд хийж ирсэн ч хамтран шинээр хэрэгжүүлсэн бодитой төсөл, хөтөлбөр гэхээр юмнууд байдаггүй нь шүүмж дагуулсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн есдүгээр сард В.Путин манай улсад айлчлах үеэр ч яг л энэ агуулга дагаж хөндөгдөж байсан билээ. В.Путин нутагтаа буцаж очсоныхоо дараа хийн хоолойг Монголоор дайруулах тухай асуудлыг хөндсөн гээд сэдвүүд бол бий л дээ. Гэхдээ шинэ бус “жижүүр”-ийн сэдвүүд гэдгийг нь дурдахад гэмгүй байх.
Түүнчлэн энэ удаагийн буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд хөндөгдөх асуудлууд өмнөх агуулгаа давтах уу. Эсвэл иж бүрэн стратегийн түншлэлд харилцаагаа хүргэсэн хоёр улс гэдэг утгаараа тухайлсан аль салбаруудаа түшиглэж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг шинээр хөндөх үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Ерөнхий сайд хөтөлбөр ёсоор бол В.В.Путинд бараалхаж, Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцээгээр “Сибирийн хүч-2” хоолойг манайхаар дамжуулан өнгөрөөх тухай асуудлыг ярилцана гэсэн хүлээлт байгаа. Энэ бол 20 жилийн өмнөөс л яригдсан асуудал. Дээр нь хойд, өмнөд хоёр хөрш “Сибирийн хүч-1” хийн хоолойгоо 15 жилийн дараа арайхийж хөдөлгөж байгаа. БНХАУ байгалийн хийн импортоо бууруулж буй гээд олон хүчин зүйлсийг аваад үзэхээр манайхаар дайруулан өнгөрөөх хийн хоолойн тухай сэдэв бол дахиад өшөө хэдэн ч оныг элээж мэдэхээр л дээ. Тодорхой хэлбэл, Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар хийн хоолойн асуудал бүрэн дүүрэн шийдэгдэнэ гэж хүлээх нь өрөөсгөл юм.
Тэгэхээр бидний хүлээж болох бодитой зүйлс юу байж болох вэ гэдэг асуулт хариулт нэхэж таарна. Тэр тухай өгүүлэхээс өмнө Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөхцөл байдал өчигдөр хийгээд өнөөдөр ямар байдалтай байгааг анзаарч харах нь зөв байх.
ӨЧИГДӨР...
Хоёр орон эдийн засгийн салбарт илүү түншлэхийн тулд өчигдөр, өнөөдрийн нөхцөл байдлаа, алдаа оноогоо харьцуулж харах хэрэгтэй юм. Ерэн оноос өмнө бол манай улсын гадаад худалдааны эргэлтийн 80 гаруй хувийг тухайн үеийн ЗХУ эзэлдэг байсан. Харин зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хоёр орны хувьд зардал багатай, ашигтай ажиллах боломж бүхий түнш улс орнуудыг эрэлхийлснээр ОХУ-ын худалдаа харилцаа Баруун Европ руу чиглэсэн бол Монголынх Ази, Зүүн Азийн орнууд руу чиглэсэн. Өмнө нь хоёр улсын харилцаа үзэл сурталд тулгуурласан, эдийн засгийн болоод технологийн нягт хамтын ажиллагаатай байсан. Монголын уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийг Оросын боловсруулах үйлдвэрүүд ашигладаг байсан бол ерэн оны шилжилтийн үед энэ харилцаа тасарч, манай улсын эдийн засагт ОХУ-ын гүйцэтгэх үүрэг багассан. Ерэн оноос хойш улс төрийн дээд, дунд, доод түвшний олон чухал бичиг баримтууд батлагдсан ч хэрэгждэг нь бага. Засгийн газар, УИХ-ын хэмжээнд олон удаагийн айлчлалууд болсон ч үр дүн багатай. Тодорхой хэлбэл, хоёр орны эдийн засгийн харилцаа ерэн оноос хойш үр ашиггүй болсон. Өдгөө манай экспортын 1.2 хувийг, импортын 16 хувийг ОХУ эзэлж байгаа дүр зурагтай. Өмнө нь үйлдвэрлэгч байсан ОХУ-ын эдийн засаг хэрэглэгч бөгөөд түүхий эд экспортлогч болж хувирсанд Монгол, Оросын эдийн засаг, худалдааны харилцааны гол учир шалтгаан бий гэдгийг судлаачид хэлдэг. Тэгэхээр ОХУ-тай ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн тулд харилцах салбараа нарийн тодорхойлох хэрэгтэй нь эндээс ойлгогдож буй юм.
ӨНӨӨДӨР...
Өнгөрсөн есдүгээр сард болсон Дорнын эдийн засгийн форум дээр Монголоос нүүрс шилжүүлэн тээвэрлэх терминалыг “Зарубино” боомтод байгуулах төсөл эхлүүлсэн тухай мэдээлэл тодорхой болсон. Тавантолгойн нүүрсийг 25 жил хүртэлх хугацаанд, ОХУ-ын дотоодын тарифын 55-58 хувиар, хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэж “Зарубино” боомт руу хүргэнэ гэсэн үг л дээ. Хятадын хилтэй тун ойр “Зарубино” боомтыг манайд ашиглуулах шийдвэр тул үүнийг бодитоор хөрсөн дээр буулгах асуудлыг Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр ярилцах биз ээ.
За мөн хоёр улс эрчим хүч, зам тээврийн салбарт хамтарч ажиллах боломжууд бий тулд эдийн засгийн харилцаагаа шат ахиулах эрмэлзэл бий л бол эдгээр салбаруудад анхаарал хандуулах хэрэгтэй юм. Мөн нөгөө ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдаж таарна. 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.доллароор манай улс Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 километр төмөр зам, Овоот-Эрдэнэтийн 560 километр төмөр зам барих, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж буйг судлаачид зөв алхам гэж тодотгож байгаа юм. В.Путины айлчлалын үеэр манай талаас 3, 4 дүгээр цахилгаан станцад технологийн шинэчлэл хийх асуудлыг тавьсан. Тэгэхээр уламжлал ёсоор энэ сэдвийг илүү ахиулах чиглэлд засгийн тэргүүн анхаарч таарах болов уу.
Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад манай зүгээс санаачилгатай байх нь чухал. Тэгвэл доктор А.Даваасүрэн хэлэхдээ “Бид экспортын бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, зардлыг бууруулах, үйлдвэрлэлт, боловсруулалтын түвшинг сайжруулах, түүхий эд биш эцсийн бүтээгдэхүүн гаргах, нэмүү өртөг шингээх гээд олон зүйлд анхаарах хэрэгтэй. Махандаа боловсруулалт хийж гаргах шаардлагатай. Ноос ноолууран бүтээгдэхүүнийг Сибирийн бүс нутагт маш их авдаг. Их нэр хүндтэй бүтээгдэхүүн. Тэгвэл бид ноос ноолууран бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, импортын татварыг багасгах талаар олон жил ярьж байна. Өртөг, зардлыг бууруулах боломжуудыг бид ашиглах ёстой. Дээр нь малынхаа эрүүл ахуй, үүлдэр угсааг сайжруулах, тарилга туулгыг системтэй байнга хийх гэхчлэн асуудлууд байгаа. Гаалийн бүрдүүлэлт, бичиг баримт, тээврийн зардлаа бууруулах, барууны тэрдундаа Туркийн мал аж ахуйн түүхий эдээр хийсэн оёмол, нэхмэл хувцас, арьс ширэн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх гэхчлэн олж харж хийх ажил олон байна. Энгийнээр хэлэхэд, хүнд тоогдохын тулд өөрөө сайн байх хэрэгтэй. Хэлсэн ярьсандаа хийж чаддаг, үйлдвэрлэж чаддаг, чанартай бараа нийлүүлж чаддаг байх ёстой. Юу ч хийж чадахгүй байж хүнтэй юм яриад байна гэдэг хэцүү биз дээ. Би ОХУ-ыг буруутгахгүй. Бид өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулж, нэр төрлийг нэмчихээд надад ийм бараа байна гээд уулзвал өөр. Тэгэхгүйгээр манайд ч тэнд ч нүүрс байхад яах юм бэ? Үүнийг ойлгох хэрэгтэй. Нүүрсээр жишээ татахад бид угаагаад, баяжуулаад, эрчим хүч болгоод тэднийхтэй эдийн засгийн харилцаанд орвол өөр асуудал байхгүй юу. Бид тийм байх юм бол Оростой ч Хятадтай ч харилцаж болно. Америк ч бусад орнууд ч биднийг тооно” гэж байсныг сануулъя.
Манай улс хойд хөрштэй харилцан ашигтай эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн тулд өөрсдөө санаачилгатай идэвхтэй байх, тэрдундаа салбараа зөв тодорхойлж хамтран ажиллах шаардлага бийг тодотгоход илүүдэхгүй байх.
Сэтгэгдэл ( 5 )
ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ ХУДЛАА ПОПРОХЫГ ХАР ХУДЛАА ГАР ШҮҮ ДЭЭ НААД ЁС ЧИНЬ ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛАХ АСУУДЛЫГ 2 ЁРӨНХИЙЛӨГЧ ТОХИРЧИХСОН АСУУДАГ АХИЖ ТАВИАД БАЙХ ХЭРЭГГҮЙ МАНАЙ ЁРӨНХИЙЛӨГЧ МАШ ЗӨВ ТАЛААС НЬ ПУТИНД ТАВИАД НААШТАЙГААР ШИЙДНЭ ГЭСЭН ХАРИУ АВЧИРСАН ХҮРЭЛСҮХ ОЧООД ШИЙДЧИХДЭГ АСУУДАЛ БИШ ПОПОРЧ ШОУДАХАА БОЛЬ ХУДЛАА ХУЦАЖ БАЙГААД БҮР ГАЙ БОЛОХ ВИЙ ДЭЭ
Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Tumur zam bol barilgaar bol suur n
Mori unasan tolgoigui deer ni yamar ch bolovsrolgui iim hunees yu huleedgiin
японд очиод амаа таглуулаад ирсэн одоо бас гуйлагчин царайлаад очихоор ямар үр дүн гарах нь ойлгомжтой шүү дээ оросуудын сонирхол татах нэг ч том төсөл байхгүй