Нийслэлийн төсөв: ЗАМЫН ЭВДРЭЛ, ТҮГЖРЭЛИЙГ ОНИЛОВ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

-Авто замын төлбөр нэмэгдсэнээр жолооч  нэг өдөрт 276 төгрөг төлнө-

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал ирэх оны төсвөө баталлаа. Үндсэндээ хотын захиргаа 2020 онд 928 тэрбум төгрөгийн орлого олох даалгавар авч, 786 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болж байна. Орлогынхоо дийлэнх буюу 707 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлэх бол өмч хувьчлал, ногдол ашиг, төрийн өмчийн түрээс зэргээс 196 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Түүнчлэн тусламжаас 25 тэрбумыг олох төсөв батлав. Хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлгээс авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх, зарим эд хөрөнгө, хуулийн этгээдийг өмчлөхийг эсэргүүцээд амжилт олсонгүй.

Нийслэлийн төсвийг хэлэлцэх хугацаанд олон нийтийн зүгээс хамгийн их анхаарал хандуулж байсан зүйл бол татвар, төлбөрийн нэмэгдэл байлаа. Сөрөг хүчнийхэн үүнийг дэвэргэж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр төсвийн орлого 73.5 тэрбум төгрөг болж өснө. Мөн торгуулийн орлогоор 30 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн зэргээр шүүмжилж байсан юм. Харин хотын захиргааны зүгээс авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр тээврийн хэрэгсэл эзэмшигч нэг сард ердөө 8300 төгрөг, нэг хоногт 276 төгрөг төлөхөөр болж байгааг тайлбарласан.

Хотын дарга орлогч Ж.Батбаясгалан “Авто зам ашиласны төлбөрийг зам ашиглаж буй хүн өөрөө төлөх ёстой. Төлбөрийн хувь хэмжээг аваад үзэхэд, жилд 20 мянган төгрөг төлчихөөд эргээд төрөөс сайн авто зам нэхэх боломжгүй. Хуулийн дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчийн төлсөн төлбөрийг зөвхөн авто замын арчлалтад зориулна. Одоогоор нийслэлийн авто замын 40 орчим хувьд засвар арчилгаа шаардлагатай байгаа. Үүнийг нэг дор шийдвэрлэхэд бараг нийслэлийн нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө буюу 400-500 тэрбум төгрөг шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд зам арчлалтыг бусад хөрөнгө оруулалтын зардлаас суутган шийдэж ирсэн. Мөн ирэх жил нийтийн тээврийн хэрэгслийн 50 хувийг бүрэн шинэчлэнэ. Сүүлийн 10 гаруй жил нийтийн тээвэр шинэчлэгдээгүй. Шинээр нийтийн тээвэрт нэвтрүүлэх 500 автобусны 50 хувийг улсын төсвөөс, үлдсэн 50 хувийг нь нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ. 2021 онд нийтийн тээвэрт явж буй бүх автобусыг шинэчилж дуусгана. Ингэснээр нийслэлчүүдээ нийтийн тээврээр ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ.

Мөн орон нутгийн төсвийн тайланг хэлэлцэхтэй холбогдуулан нийслэл дэх Төрийн аудитын газраас санал, дүгнэлтээ танилцуулсан. Аудитаас нийслэлийн төсвийн орлогыг гүйцэт төвлөрүүлэхийн тулд автомашин эзэмшигчийн торгуулийн орлогыг хуримтлуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Ийнхүү удаан хугацаанд ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой авто зам ашигласны төлбөр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдэхээр болж байна. Жишээлбэл, 2000 см3 хүртэл моторын багтаамжтай автомашин эзэмшигчид жилд 100 мянган төгрөгийн төлбөр төлөх бол албан ёсны такси үйлчилгээ эрхлэгчдээс 150 мянган төгрөгийн хураамж авна гэх мэт ангилсантай танилцана уу. Шаталсан төлбөрийн хувь хэмжээг харах, тансаг жийп хөлөглөгчид болон авто замын эвдрэлд хамгийн их буруутай том машин механизм эзэмшигчид хамгийн өндөр ачаалал үүрэхэхээр байгааг энд тодотгох нь зөв байх. 

 

д/д

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

150,000

2

Бусад //2000см3 хүртэл/

100,000

3

2001-3000см3

150,000

4

3001-4000см3 дээш

250,000

5

4001см3 дэ эш

300,000

6

Ачааны

1 тн хүртэл

200,000

7

1-2 тн

225,000

8

2-3 тн

250,000

9

3-5 тн

275,000

10

 

5-8 тн

300,000

11

8-10 тн

325,000

12

10 тн-с дээш

350,000

13

Автобус

15 хүртэл хүний суудалтай

200,000

14

15-аас дээш хүний суудалтай

300,000

15

Цистерн

250,000

16

Тусгай

200,000

17

Чиргүүл

150,000

18

Механизм

Тээвэр үйлчилгээний

300,000

19

Технологийн

300,000

20

Бага оврын

150,000

21

Мотоцикл мопед

2 дугуйт

50,000

22

3 дугуйт

50,000

 

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ХУВЬЧЛАГДСАН ЦАГААСАА ХОЙШ НЭГ Ч ТӨГРӨГИЙН АШИГ ӨГӨӨГҮЙ

ИТХ-аар төсвийн төсөлтэй хамт ирэх онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Нийтдээ нэг компанийн хувь, долоон объект борлуулж, 68 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Тэдгээрээс хамгийн анхаарал татаж буй нь Төв цэнгэлдэх хүрээлэн билээ. Энэ талаар  хотын даргын орлогч Ж.Батбаясгалан тайлбарлахдаа “Төв цэнгэлдэх хүрээлэн 1993 онд 51 хувь нь хувьчлагдсан. Нэг хэсэг хувьчилсан хүнийг 49 эсвэл 51 хувь хувьчлах ёстой гэж маргалдаж байсан боловч, шүүхийн шийдвэрээр 51 хувийг хувьчлахаар эцэслэн шийдэгдсэн. Өнөөдрийг болтол Төв цэнгэлдэх хүрээлэн улс болон нийслэлийн төсөвт тодорхой мөнгө төвлөрүүлж, ашигтай ажиллаж үзээгүй. Харин ч их зарлага гаргадаг байсан. Жил болгон наадмаар хуванцар сандал тавьдаг ч 15 мянгаас хэтрэхгүй хүнд л баяр наадмаа үзүүлдэг.

Засгийн газрын шийдвэрээр хүрээлэнгийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Засаг дарга газрын асуудлыг нь шийдсэн байгаа. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө  2020 оны төсөвт суусан. Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж боломжтой байгаа юм. Магадгүй цэнгэлдэхийг зарснаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт суух боломжтой юм” гэв. Нийслэлээс  Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг  22 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийг 1.4 тэрбум төгрөг,  хэд хэдэн өрхийн эмнэлэг, шуудангийн салбарыг 80-100 сая төгрөгөөс эхлүүлэн дуудлагаар худалдахаар болов. 

 

ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН 30 ХУВИЙГ АВТО ЗАМД ЗОРИУЛНА

Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс нийслэлийн төсвийн зарлагатай холбогдуулан багш, эмч нарын урамшууллыг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, ахмадын орон сууж хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэх, соёлын дурсгалт газруудыг сэргээх” зэрэг таван санал оруулсан  дэмжигдсэнгүй. Улмаар нийслэлийн нийт төсвийн зарлагыг 786 тэрбум төгрөгөөр баталсан. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардалд хэмжээг 221 тэрбум төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 93 тэрбум төгрөг, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх урсгал үйл ажиллагааны зардлын хэмжээг 26 тэрбум төгрөгөөр нийт 340 тэрбум төгрөг төсөвлөлөө.

Ерөнхийдөө ирэх оныг төсвийг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж ирсэн  авто замын түгжрэл, эвдрэлийн асуудлыг онилсон гэж дүгнэж болохоор юм.  Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва ч хуралдааныг хааж хэлсэн үгэндээ үүнийг онцолсон. Тэрбээр  “Хотын хөгжлийг бүтээн байгуулалтаар хэмжиж болох ч иргэдийнх нь амьдрах орчин, нөхцөл хэр сайжирсан бэ гэдэг хамгийн гол шалгуур. Үүнийг төрийн захиргааны болоод ажил хариуцсан албан тушаалтнууд сэтгэлдээ тээж, хичээж ажиллалаарай. Төсөв батлах бол нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлж ажиллах нь хамгийн чухал гэдгийг Та бүхэнд нийслэлийн ИТХ-ын өмнөөс дахин сануулан хэлье.

Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвөөр гүйцэлдүүлэх боломжгүй хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгох, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах зэрэг үйл ажиллагаагаар 2020 оны төсвийн хүрээнд дэвшүүлэн тавьсан зорилтоо хэрэгжүүлэх боломж бий гэдгийг мөн дурдъя. Нийслэлийн 2020 оны төсвийг хэлэлцэн батлахдаа бид тэвчиж болох зардлуудаа хянах, нэн тэргүүнд хэрэгцээт буюу нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан ажлуудаа хэрэгжүүлэх чиглэлийг баримтлан төсвийн хуваарилалт хийлээ. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувь нь хот байгуулалт, дэд бүтцийн, 30 хувь нь авто замын, 12 хувь нийгмийн салбарт гэх мэт томоохон хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн байгаа нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийг бид баталсан гэж хэлж болохоор байна” гэлээ.

Түүний хэлснээр 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтэц, авто зам, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх аж.  Үүний өмнө УИХ дээр ирэх оны улсын төсөв батлахад нийслэлээс сонгогдсон гишүүд нэг ч төгрөг тавиулж чадаагүй хэмээн хоосон гомдоллосон. Харин хотын удирдлагууд агаарын бохирдлыг шийдвэртэй алхам хийж бууруулсан шигээ авто замын хүндрэлийг шийдвэрлэхэд томоохон алхам хийнэ гэдгээ онцолж байна. Агаарын бохирдол арилж байгаа шиг авто замын түгжрэл сийвэл түүнийг аз жаргал гэхгүй өөр юу гэх билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тод(203.91.115.42) 2019 оны 12 сарын 04

ТАТВАР НЭМЭЭД Л ТҮГЖРЭЛ АРИЛДАГ ЮМУУ МАЛНУУДАА ТЭНЭГДЭХЭЭ БОЛЬ ДАГВАА ШИЙДЭХ ГАРЦ ОЛОН БНА ДААН Ч ТА НАР ЧИНЬ МАЛНУУД ЧАДАХГҮЙ

0  |  0
matilda(197.234.221.67) 2019 оны 12 сарын 03

Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.67) 2019 оны 12 сарын 03

Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top