“Евроазийн эдийн засгийн коридор” хэрэгжих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулав

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Дэлхийн банк, Гадаад харилцааны  яам, Монгол Улсын Их Сургууль хамтарч өнөөдөр “Евроазийн Эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурал зохион байгуулав.

Монгол Улс ,ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүд 2016 онд гурван талт гэрээ байгуулснаар Евроазийн Эдийн засгийн  32 төсөл манай улсад хэрэгжүүлэхээр тогтсон. Эдгээрээс Авто зам, төмөр замын коридор, эрчим хүчний шугам дамжуулах төслийг  тэргүүлэх гурван төсөл гэж гурван тал тохирсон.

 

Өнөөдрийн хуралд Евроазийн коридорын төсөлтэй холбогдуулж, өнөөгийн эдийн засгийн байдал болон төсөл хэрэгжихэд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тал дээр судалгаа шинжилгээний байгууллагууд хэлэлцэв. Хойд, урд хөршийг холбосон эдийн засгийн коридор нээгдсэнээр далайд гарцгүй манай оронд үндэсний бүтээгдэхүүнийг экспортлоход зам тээврийн асуудал шийдэгдэхээс гадна Монголын эдийн засгийн хөгжлийн томоохон тулгуур болох юм.

 

“Өнгөрсөн хугацаанд дээрх гурван төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тун удахгүй  Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилна. Үүнтэй холбоотойгоор  газын хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах төслийг ажил хэрэг болгох ажил үлдээд байна. Энэ ажил хэрэгжээд эхэлбэл манай улсын эрчим хүч, цахилгаанаар хангагдаж, татвар авах зэргээр эдийн засгийн өндөр ач холбогдолтой” гэж Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан хэлсэн бол Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Жийн Паскал Н.Нгану “Монгол Удсын эдийн засгийн байдал ойрын гурван жил таваас дээш хувиар өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ өсөлтийг тогтвортой хадгалахын тулд эдийн засгийн бодлого чухал. Эдийн засгийн коридор хөгжсөнөөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн гол нөөц болох махны экспортыг нэмэгдүүлнэ. Үүнд институц , боловсон хүчин, дэд бүтцийг анхаарах шаардлагатай” гэж хэллээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top