Нийгмийн даатгалын сан /НДС/-гийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулсан асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр /2019.12.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед сошиал орчинд тархаад буй НДС-гийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулсантай холбоотой болон ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх асуудалд тайлбар хийе” хэмээгээд “Би 2017 оны аравдугаар сарын эхээр ХНХ-ын сайдаар томилогдсон. Намайг ирэхэд “Капитал” банканд НДС-гийн 228.1 тэрбум төгрөг байршсан байсан. Үүнээс 20 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр байршиж байсан. Миний бие сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөгийг нэмж байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Намайг сайдаар томилогдож ирсний дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Капитал” банканд байсан 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ дуусаж, мөнгөө авах хүсэлт тавихад банкны санхүүгийн байдал тааруу хэмээн мөнгөө авч чадаагүй. Гэрээгээ цааш сунгахгүй гэж явсаар нэлээд хугацаа алдсан. Би “Капитал” банкны санхүүгийн байдал сайнгүй байгаа учир мөнгөө буцааж тат гэдэг чиглэл өгөөд байсан. Ингээд 2018 оны зургаадугаар сар хүргэж, гэрээг сунгах нь зүйтэй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газарт бичиг өгсөн. Энэ бол гэрээг сунгах тухай асуудал. Харин нэмж мөнгө суулгаагүй.
Яагаад “Капитал” банкнаас мөнгөө авна гэж байгаад гэрээг сунгах болсон гэхээр 2018 оны эхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний хорооны тайлан тэнцэлтэй холбоотойгоор Н.Номтойбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарган Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажилтай танилцаад тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ чиглэлд банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан сангийн хөрөнгийг нэн даруй арилжааны банкуудад байршуулах мөн харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу хадгаламжийн гэрээ дууссан 79 тэрбум төгрөгийг 2018 оны зургаадугаар сард гэрээ байгуулах зөвшөөрлийг өгсөн. Энэ гэрээ 2018 оны арвахоёрдугаар сард дууссан. Мөн л дахиж “Капитал”-аас мөнгөө авна гэж явсаар байгаад 2019 оны тавдугаар сард Монголбанк “Капитал” банкыг татан буулгасан. “Капитал” банканд мөнгө байршуулсан гэдэг асуудал бол өмнө нь байршуулсан гэрээ нь дууссаныг байнгын хорооны чиглэлийн дагуу сунгаж, улмаар мөнгөө авч чадаагүй явдал юм.
Өнгөрсөн жил бас хадгаламжид байсан НДС, ЭМДС-гийн мөнгийг харилцах дансанд шилжүүлсний зөрүү 10 тэрбум төгрөг гарсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, ХНХЯ-ны нөхдүүд дундаас нь ашиг олж байна гэж Н.Номтойбаяр нарын гишүүд улс төр хийсэн. Иймд бид 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан гэрээг сунгасан юм. Харин би сайдаар томилогдсоноос хойш өмнө нь байршиж байсан мөнгөнөөс нэг ч төгрөг нэмж байршуулаагүй. Өмнө нь байршуулаад авч чадахгүй байсан мөнгөө өндөр хүүтэй хадгаламжид шилжүүл гэдэг чиглэл өгсөн.
Бас “Капитал” банканд 2.4 тэрбум төгрөг байршуулаад бусад банканд 50 сая төгрөг байршуулж ашиг сонирхлын зөрчил гаргасан гэсэн мэдээлэл явж байгаа. Надад ийм ашиг сонирхлын зөрчил байхгүй. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах зорилт тавьсан. Би сайдаар томилогдсоноосоо хойш тэтгэврийн хүүг бууруулах чиглэлээр дорвитой ажиллаж ирсэн. 2018 онд Монголбанк, арилжааны банкуудтай хамтран нэг жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг жилийн 15 хувийн хүүтэй байсныг 12 хувь болгосон. Хоёр жилээс дээш хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 15.5 хувь болгосон. Тэтгэврийн зээлийг буулгахын тулд НДС-гийн чөлөөт үлдэгдлийн тодорхой хэсгийг тухайн банкнаас тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэдийн тоотой харьцуулан НДС-гийн чөлөөт үлдэгдлийг 9 хувийн хүүтэйгээр буюу бага хүүтэйгээр байршуулдаг. Өмнөх Засгийн газрууд ч ингэж ажиллаж ирсэн. “Капитал” банкнаас 38 мянган иргэн тэтгэвэр авдаг ба 11815 иргэн 26.5 тэрбум төгрөгийн зээлтэй байсан. Өөрөөр хэлбэл, “Хаан” банк, Төрийн банкны дараа хамгийн олон тэтгэвэр авагчтай банк нь “Капитал” байсан” хэмээн мэдээлэл өглөө. Харин “Капитал” банкны өр барагдуулах асуудлын тухайд С.Чинзориг сайд “Өр барагдуулах явц удаан байна. Би Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Монголбанкны ерөнхийлөгч үндсэн хөрөнгийг барьцаалж НДС-гийн өрийг барагдуулах хувилбарыг санал болгосон. Үүнд нэг асуудал үүсээд байгаа нь “Капитал” банкны удирдлагуудад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул үндсэн хөрөнгийг хөдөлгөхийг түр хугацаанд хязгаарласан. Хэрэв үндсэн хөрөнгөөс өр барагдуулахаар болбол прокурорт санал тавьж үндсэн хөрөнгийг битүүмжээс чөлөөлөх боломжтой. Миний зүгээс тавьж байгаа болгоомжлол бол үндсэн хөрөнгийг авч болно. Харин үндсэн хөрөнгийн чанар, зах зээлийн үнэлгээг судлах учиртай. Өндөр үнээр үндсэн хөрөнгийг шахчихаад , борлуулахаар хөрөнгийн хэмжээгээ барихгүй байх эрсдэлтэй. Тиймээс судалж байж асуудалд хандана гэсэн хариу өгсөн. Ер нь Төв банкны шинэ удирдлага НДС-гийн хөрөнгийг барагдуулахад шуурхай хандаж байгаа. “Капитал” банканд НДС-гийн 105 тэрбум төгрөг бий. Цаашид НДС-гийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах байдлаар арвижуулах чиглэлээр ажиллах шийдэлд хүрээд байна. Ингэвэл хүү нь тодорхой хэмжээгээр буурахаар байгаа. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой” хэмээн тайлбар өгсөн юм.
Сэтгэгдэл ( 4 )
МАНгасууд та нар НДШ мөнгөний учрыг олохгүй бол дараагийн сонгуульд унах нүх чинь энэ шүү Ард түмэн та нар шиг МАНгар биш
Хөөн хэлэлцэх хугацааг дуустал явна биздээ
ene munguur altnii uurhai ajiluulj ugaadag gej sonsson yum bna. ah duu hamaatan sadanuudan
Nomtoibayariin hiisen ajil butehgui bhoo