Хятадын Ардын банк своп хэлцлээ сунгах нь төрийн ӨНДӨР ТҮВШНИЙ тохирооноос шалтгаална

2019 оны 12 сарын 04

Монгол Улс ирэх дөрвөн жилд 14.4 тэрбум орчим ам.долларын гадаад өр төлөх ёстой. Тухайлбал, Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа 2020 оны долоодугаар сард дуусна. Уг своп хэлцлийн хугацааг сунгах асуудлыг Хятадын Ардын Банктай хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байсан. Монголбанкнаас Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин гурван  жилээр сунгах асуудлыг тавьсан гэх мэдээллийг Төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир өгч байсан.

Тэгвэл асуудал ямар шатанд байгааг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Монголбанкны хувьд Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин сунгахаар төлөвлөж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар шийдвэрлэгдэхэд своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан. Өөрөөр хэлбэл, своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хүрээнд давхар шийдвэрлэгдсэн гэж ойлгож болно. Энэ үүднээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх явдал нь тус хэлцлийн хугацааг сунгахад давхар нөлөөлнө. Төв банкууд хоорондын хамтын ажиллагаанаас гадна төрийн өндөр түвшний айлчлалын хүрээнд энэ асуудлыг ярих нь үр дүнтэй гэж харж байна. Арилжааны банкууд, хувийн секторын гадаад өр, төлбөрийн хувьд мөн л дахин санхүүжүүлэх зүг рүү явах байдал ажиглагдаж байна. Манай эдийн засагт гадаад өрийн жил бүрийн хүүний төлбөрийг гадаад худалдааны ашиг, гадаадын шууд хөрөнгө нь нөхөөд явдаг. Иймд дунд хугацаанд том дүнтэй гадаад өрийн төлбөрүүд хүлээгдэж байгаа боловч эдийн засагт цочроо үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж харж байна” гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top