40 жил төрийн албанд зүтгэсэн Асакава Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч боллоо

2019 оны 12 сарын 05

Азийн хөгжлийн банкны /АХБ/ ерөнхийлөгчөөр Масацугу Асакава сонгогдсон байна. Япон улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакава нь АХБ-ны арав дахь Ерөнхийлөгчөөр 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллах юм байна. Уг нь одоогийн ерөнхийлөгч  Такехико Накаогийн үүрэгт хугацаа 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд дуусгавар болох байсан аж.

АХБ-ны Захирлуудын зөвлөлийн тэргүүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, сангийн сайд ноён Хонг Нам-Ки хэлэхдээ “Ноён Асакавагийн олон улсын санхүү, хөгжлийн асуудлаарх өргөн мэдлэг, олон талт туршлага нь цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой Ази, Номхон Далайн бүс нутгийг цогцлоох АХБ-ны эрхэм зорилгыг биелүүлэхэд нэн чухал. АХБ-ны Захирлуудын зөвлөл ноён Асакаватай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгтээ бүрэн итгэж байна." гэжээ.

Асакава 40 орчим жил төрийн албанд зүтгэхдээ Япон улсын Сангийн яаманд  удирдах албан тушаалууд хашиж байсны дотор Олон улсын харилцааны асуудал хариуцсан Сангийн дэд сайдаар ажиллаж байжээ. Түүнчлэн  хөгжлийн бодлого, валютын зах зээл, олон улсын татварын бодлого зэрэг чиглэлээр арвин мэдлэг, туршлага хуримтлуулжээ.

Тэрбээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон улсын Осака хотноо зохион байгуулагдсан Их 20-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан Их 20-ийн Сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан Их 20-ын анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай ажлын нягт уялдаатай ажиллаж ирсэн тэрээр 2011-2016 онд тус байгууллагын Төсвийн бодлогын хорооны даргаар ажилласан байна.

Асакава 2012-2015 онд Токиогийн Их сургууль, 2006-2009 онд Сайтама Их сургуульд зочин профессороор ажиллаж байв. Тэрбээр 1981 онд Токиогийн Их сургуульд бакалаврын зэрэг, 1985 онд Принстоны Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top