5287 иргэн ипотекийн зээл авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5287 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,616 иргэнд, банкуудын өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,158 иргэнд тус тус олгожээ.

Сануулахад, Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан цагаас буюу 2017 оноос эхлэн Монголбанкийг төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг бүрэн зогсоох, Засгийн газарт бүрэн шилжүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Харин Монголбанкны хувьд ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэж хоёр жил гаруй санхүүжилтийг үргэлжлүүлэн олгож байгаа. 2019 оныг дуустал Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсан. Энэхүү шаардлагын дагуу 2019 он дуустал өмнө нь дурдсанчлан Монголбанкнаас зөвхөн өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын орлогоос санхүүжүүлнэ. Цаашид, тодорхой хэлбэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газраас улсын төсөвт тусгасан дүнгээр, банкууд өөрийн эх үүсвэрээр хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж Монголбанкнаас мэдэгдэж байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top