Инфляцын зургаан хувийн зорилтыг хангах боломжтой гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Монголбанкнаас инфляц, ханшид ирэх дарамтыг зөөлрүүлэх зорилгоор мөнгөний болон макро зохистой бодлогын хэрэгслийг хослуулан хариу арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хувьд гаднаас өгөгдсөн зүйлс буюу түүхий эдийн үнэ, гадаад эрэлт, төсөв гэх мэтийг оруулан эдийн засгийн ирээдүйн төлөвийг тооцсоны үндсэн дээр мөнгөний бодлогын сулрах эсвэл чангарах орон зай байгаа эсэхийг тодорхойлж хэрэгжүүлдэг.

Ирэх оны төсвийн зардлыг оруулан тооцсон тооцоогоор ирэх онд инфляц найман хувийн зорилтот түвшний орчим тогтворжих, эдийн засгийн өсөлт таван хувь орчим гарахаар байна. Харин төлбөрийн тэнцлийн хувьд ашигтай эсвэл алдагдалтай гарах эсэх нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд доноруудын санхүүжилт орж ирэх эсэхээс хамаарна гэж Төв банкны ерөнхийлөгч хэлж байна.

Мөнгөний бодлого, түүний арга хэрэгсэл нь дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдалд чиглэдэг. Энэ хүрээнд инфляцын зорилтот түвшинг 2021 оноос зургаан хувь болгон бууруулж, тухайн түвшинд тогтворжуулах бодлогыг одооноос хэрэгжүүлнэ. Инфляцыг зургаан хувийн зорилтот түвшинд хадгалж чадсанаар өрхийн амьжиргаанд эерэг нөлөөтэйн дээр хадгаламж, зээлийн хүүг бууруулахад шууд нөлөөлнө гэлээ. Үүний тулд ‘инфляцын зангуу’-г бий болгох, олон нийтийн инфляцын талаарх хүлээлтийг удирдахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн төлөв, инфляцын төсөөллийг гаргаж, инфляцын тайлан болон мөнгөний бодлогын мэдэгдлээр дамжуулан нийтэд тогтмол мэдээлэх, авсан арга хэмжээний үндэслэл, хүлээгдэж буй үр дүнг тайлбарлах, төв банкны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох чиглэлд онцгой анхаарах аж. Засгийн газраас нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын нөлөөг бууруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн хангах тохиолдолд инфляцын зургаан хувийн зорилтыг хангах боломжтой гэж үзэж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top