АХБ: Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад Бээжингийн туршлагыг ашиглана

2019 оны 12 сарын 06

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банк (АХБ) 160 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг хэлэлцэн баталлаа. АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын чанар мэдэгдэхүйц сайжраад байгаа хэдий ч хотын оршин суугчдын, тэр дундаа хүүхэд багачууд болон бохирдолд хамгийн ихээр өртдөг гэр хороололд амьдардаг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийх зүйл байсаар байна. Монгол Улс урт хугацаандаа байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжихөд агаарын чанарын асуудал чухал ач холбогдолтой” гэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөр байгаа нь хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн эрчимтэй өрнөсний дүнд халаалт болон ахуйн хэрэглээндээ түүхий нүүрс ихээр хэрэглэдэг албан бус суурьшлын бүсүүд буюу гэр хорооллууд олноор бий болсонтой холбоотой. Бохирдол өвлийн улиралд нэлээд ихэсдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан дээд хязгаараас ес дахин өндөр байх тохиолдлууд цөөнгүй. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн судалгаагаар Монгол Улс ДНБ-ийхээ 5.6 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг агаарын бохирдолд зарцуулдгийг тогтоожээ.

Уг зээл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх үйл ажиллагааг дэмжих, бодлого, зохицуулалтыг сайжруулах, институцийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр АХБ-аас олгож буй хоёр дахь зээл юм.

Эхний зээлийн санхүүжилт болох 130 сая ам.долларыг АХБ 2018 оны гуравдугаар сард баталсан бөгөөд уг зээлийн хүрээнд агаарын чанарын менежментийг сайжруулах, бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хот байгуулалт, эрчим хүч, тээврийн салбаруудын хүрээнд бохирдлыг багасгах механизмыг бүрдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн түүхий нүүрсийг бохирдол бага ялгаруулдаг шахмал түлшээр орлуулах болон хатгааны эсрэг вакцинжуулах зэрэг туршилтын төслүүдийг хэрэгжүүлсэн.  Эдгээр үйл ажиллагаа болон түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын шийдвэр, бусад санаачилгуудыг хэрэгжүүлсний үр дүнд энэ өвлийн эхний саруудад агаарын чанар үлэмж сайжирч, аюулт тооцонцрын хэмжээ жилийн өмнөхөөс 46 хувиар буураад байна.

АХБ-ны дэмжлэгтэй хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны хүрээнд дээрх санаачилгуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүнд агаарын чанарын мониторингийг сайжруулах, шинээр нэвтрүүлсэн шахмал түлшний түгээлт борлуулалтыг дэмжих, түлшний зөв хэрэглээний мэдлэг ойлголтыг иргэдэд түгээх, эрчим хүчний хэмнэлттэй барилгын “Үр ашгийг дээшлүүлэх шилдэг төсөөлөл буюу EDGE” стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, байгальд ээлтэй “ногоон” халаалтын бүтээгдэхүүнийг дэмжих хүү багатай зээлийг олгох, хатгааны эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх бодлого боловсруулах, Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих хот байгуулалт, эрчим хүчний уялдааг хангасан урт хугацаат төлөвлөгөөг гаргах зэрэг олон үйл ажиллагаа багтаж байна. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын халаалтын хэрэгцээг төвлөрсөн болон төвлөрсөн бус хангамжаар урт хугацаанд хангах хувилбаруудыг тодорхойлон, үнэлэлт өгөх болно. Түүнчлэн, гэр хороололд амьдардаг бага орлоготой өрхүүдийн орлогод нийцсэн шөнийн халаалтын шинэ тарифыг тогтоох судалгааг хийх юм.

АХБ нь Ази, Номхон далайн улс орнуудын агаарын бохирдлыг бууруулах, хот, суурин газрын амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг дэмжиж, гол түнш нь байж ирсэн. АХБ-ны хоёрдугаар үе шатны энэхүү хөтөлбөрөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин-Тяньжин-Хэбэй мужид хэрэгжсэн агаарын чанарыг сайжруулах төслүүдийн мэдлэг сургамжийг ашиглах болно. Мөн Улаанбаатар хотод орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эко хороолол барих зээлийн төслийг санхүүжүүлэх зэргээр хот төлөвлөлтийг илүү оновчтой болгох, гэр хорооллыг дахин төлөвлөхөд АХБ дэмжлэг үзүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top