Индонезийн Сулавеси арал дээр хоёр жилийн өмнө олдсон агуйн зураг 44 мянган жилийн өмнөх үеийн болох нь тогтоогдож, дэлхийн хамгийн эртний урлаг бүтээл хэмээн тооцогджээ.
Эртний ан авыг дүрсэлсэн энэхүү 4.5 метр өргөн зураг тухайн үед дүрслэх урлаг өндөр хөгжсөн байсныг илтгэж байна гэж судлаачид өгүүлжээ. Шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг Австралийн Гриффитийн их сургуулийн эрдэмтдийн баг явуулсан байна. Агуйн зураг дээр жад, олсоор зэвсэглэсэн хагас хүн анчид зэрлэг ан амьтныг хөөж буйгаар дүрсэлсэн байна. Чулуун зэвсгийн эхэн үед буюу 43900 жилийн өмнө энэхүү шохойн чулуулгийн тогтоцтой агуйд урлагийн бүтээлийг бүтээж байжээ.
Үүнээс өмнө мөн л Индонезийн Борнео арлын агуйд илрүүлсэн 40 мянган жилийн настай зургийг хамгийн эртнийхэд тооцогдож байсан юм.
Олон жилийн туршид агуйн зураг Европоос гаралтай гэж үзэж байсан бөгөөд энэхүү онолыг Индонезийн агуйн зургууд үгүйсгэж байна.
Зөвхөн Сулавеси аралд дор хаяж 242 агуйн зураг олдоод байгаа бөгөөд жил бүр эртний дүрслэх урлагийн түүх баяжиж байдаг.
Одоогоор хамгийн эртнийхэд тооцогдож буй эл зурагт анчдыг хүний бие, шувуу, хэвлийгээр явагчийн толгой бүхий хагас хүний төрхтэй хүрэн улаан өнгөөр дүрсэлжээ. Ардын урлаг, шашин шүтлэг, домгийн сэдвийг нэр дор агуулсан энэхүү зураг он цагийн явцад бүдгэрч, чанар нь муудсан байна. Эл бүтээл дэлхий дээр дүрслэх урлаг эрт дээр үеэс хөгжиж ирснийг гэрчлээд зогсохгүй Чулуун зэвсгийн үеийн аман зохиолын хамгийн эртний нотолгоо болж байна гэж судлаачид онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
hamgiin ertnii comic baihgui yu buruu orchuulaad
алтайн нуруунд хүн африкаас түрүүлж үүссэн